Зөвлөмж

Төсөл
Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд баримтлах нийтлэг шаардлага
1.    Энэхүү нийтлэг шаардлага нь ирээдүйн мэргэжилтэн болон тэдний боловсролын өмнө    хамтран хүлээх үүргийг илэрхийлнэ.
  • Энэ нь мэргэжлийн ажил үүргийг тодорхойлсон хууль, тогтоол, дүрэм, журам болон хөтөлбөрүүдийг үндэс болгоно.
  • Мэргэжлийн ёс зүйн холбогдолтой асуудлын зэрэгцээ суралцагч болон боловсролын салбарын ажилтнуудад туслах зорилго бүхий баримт бичиг юм.
  • Мэргэжлийн үүрэг хариуцлага, үйл ажиллагааны үндэс нь түүний байгаль, нийгэм, шинжлэх ухааны ач холбогдол, түүнд тавигдах үнэт зүйл, ёс суртахуун, хэм хэмжээ мөн.
Хоёр. Мэргэжлийнхээ өмнө хүлээх үүрэг
  • Их, дээд сургуульд суралцагчид ёс суртахуун, мэргэжлийн ёс зүйн хүрээнд болон тухайн сургуулийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг /сургалтын бодлогыг/ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн мэргэжлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг ухамсарлах
  • Эзэмшиж буй мэргэжлийн хариуцлагаа өндрөөр ухамсарлан ажилдаа хариуцлагатай, үнэнч шударга  хандан, үргэлж өсөн нэмэгдэх санаачлагатай байх
  • Хамт олны нэгдмэл байдлыг хангах хариуцлага нь хувь хүний төдийгүй мэргэжлийн шинжтэй байх
  • Үнэнч шударга, төлөв түвшин байдал, соёлтой харилцаагаараа хамт олны итгэл, хүндэтгэлийг хүлээх
  • Хамт олонтойгоо үүрэг, хариуцлагаа хуваалцаж, багаар ажиллан, өнгөрснөөс суралцан ирээдүйдээ сургамжлах, хамт суралцагч нараа хайрлан, анхаарал тавин, эелдэг эвсэг байх
  • Суралцагчид олон нийтийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэх чадвартай байж өөрийн хувь нэмрээ оруулах
  • Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийдээ ээлтэй хандах мэргэжлийн үүрэг хүлээх
  • Хамтран суралцагчдынхаа ашиг сонирхол болоод сайн сайхан байдлыг дэмжин хамгаалах
  • Эрх зүй, ёс суртахууны хариуцлагын талаар мэдлэгтэй байх, тэдний эрхийн холбогдолтой баримт бичгийн хэм хэмжээг даган мөрдөх заалтуудыг хүндэтгэх
  • Удирдах ажилтны гаргасан шийдвэрийг мэргэжлийн үүднээс хэрэгжүүлэх ба үүнийг хамтран суралцагч, найз нөхөд улмаар нийгэмд таниулан сурталчлах
Тав. Нийгмийн /хэрэглэгчийн/ өмнө хүлээх үүрэг
  • Эзэмших мэргэжлийн байр суурь, үзэл бодлыг хүндэтгэн бусдад, нэн ялангуяа ажил эхлэн эрхэлж байгаа болон сурч байгаа хүмүүст зөвлөлгөө, туслалцаа өгөхөд бэлэн байх зэргээр нөхөрсөг, хамт олонч хандлагыг хөхүүлэн дэмжих
  • Хуулиар эсвэл мэргэжлийн ашиг сонирхлын зорилгоор ил болгох шаардлагатай бол мэргэжлийн үйлчилгээ, хичээл сургалтын явцад олж авсан хамтран ажиллагчдынхаа тухай хувийн мэдээллийн нууцыг хадгалах
  • Мэргэжлийн холбоод болон ажил олгогчдын хооронд хэлэлцэж тохиролцсон дүрэм журамд хяналт тавих, хамтран суралцагчдадаа туслах
  • Сонирхлын зөрчлийг шударгаар шийдэх зоригтой байх. Нийгэмд олон төрлийн бүлгүүдийн олон янзын сонирхлууд байдаг бөгөөд тэдгээр нь ямагт хоорондоо зөрчилт харьцаанд оршдгийг эерэгээр зохицуулж дадах
  • Хүн төрөлхтөний соёлын ялгаатай байдал, угсаатны ёс зүйн мэдлэгтэй байж хамтран суралцагчаа хүндэтгэх



МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 2009 оны 2 сарын 13 өдөр                                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот


МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай  хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Боловсролын тухай[2], Бага, дунд боловсролын тухай[3], Дээд боловсролын тухай[4], Хөдөлмөрийн тухай5, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай6, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан  хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ    
3.1.Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол,    сургалтыг  зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг
4.1.2.“мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.3.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.4.“мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн  болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;
4.1.5.“мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын  түвшинг;
4.1.6.“мэргэжлийн суурь чадвар” гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;
4.1.7.“мэргэжлийн үндсэн чадвар” гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;
4.1.8.“модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.
4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. 
            5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго
            5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Мэргэжлийн  боловсрол, сургалтын удирдлага

            6 дугаар зүйл.  Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл
     6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл  (цаашид “Зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд  төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.
            6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчийн  үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
6.3.3.мэргэжлийн  боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, илтгэл, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
6.3.4.улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын стандартыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын  гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах; 6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ  хэрэгжилтэд хяналт тавих.
6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 6.5-д заасан байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
 6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно. 
6.6.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын
                                                             бүрэн эрх
            7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

8 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал
                                   эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага,
                                                       түүний бүрэн эрх

8.1.Мэргэжлийн  боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий  төрийн захиргааны байгууллага байна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төрийн захиргааны байгууллагын даргыг нь Засгийн газрын тухай хуулийн7 183 дугаар зүйлд заасны дагуу томилж, чөлөөлнө
8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага нь дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 
8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуула
8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;
8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;
8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах; 
8.4.6.мэргэжлийн  боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд  зохицуулалт хийх;
8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх,  ангиллыг тогтоох;  
 8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын  агуулгыг тогтоох, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;
8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;
 8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;
8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад  хууль  тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар  шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн  бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж,  байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;
 8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;
8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах  ажлыг зохион байгуулах;
8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Мэргэжлийн боловсрол, сургалтын
агуулга, стандарт
           
            9 дүгээр  зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга

9.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд  чиглэнэ.
9.2.Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;
9.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар  олгох;
9.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх,  тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.

9.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд  заасан зорилтод нийцсэн байна. 9.4.Мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэхэд зориулан боловсруулсан модулиас бүрдэнэ.
9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.

    10 дугаар зүйл. Мэргэжлийн  боловсрол, сургалтын стандарт
       
10.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно
10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай8 хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.

11 дүгээр зүйл. Мэргэжлийн  болон техникийн боловсрол
эзэмшүүлэх сургалтын ажлын зохион
байгуулалт

11.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.
11.2.Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь,  төгсөлтийн өмнөх  гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. 11.3.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдрийн, оройн, зайны, үйлдвэр дээрх гэсэн хэв шинжтэй байж болно.
11.4.Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.

12 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх
сургалтын байгууллага
           
            12.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.
12.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.
12.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.
12.4.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж  болно.
12.5.Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна.
12.6.Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.
12.7.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв,  тусгай хэрэгцээт боловсролын  сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.
12.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.
12.9.Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж зохион байгуулж болно.
12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
12.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, удирдах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36  дугаар зүйлээр зохицуулна.

13 дугаар  зүйл. Мэргэжлийн  болон техникийн боловсролын
сургалтын  байгууллагын зохион
байгуулалтын бүтэц

13.1.Мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, номын сан,  соёл-спортын  болон мэдээллийн төвтэй байна.
13.2.Мэргэжлийн  болон техникийн  боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно.
13.3.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын түшиц газар  болгон ажиллуулж болно.
14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол  эзэмшүүлэх    сургалтын   байгууллагыг үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл  олгох,  улсын бүртгэлд бүртгэх
14.1.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.
14.2.Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн  Аж ахуйн үйл ажиллагааны  тусгай зөвшөөрлийн тухай9 хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд байгуулж болно.
14.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага  байгуулах тусгай зөвшөөрөл олгох,  түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл,  Боловсролын тухай хуулийн 20-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
14.4.Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны, эсхүл  мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан сургалтыг зохих журмын дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд эрхэлж болно. 
14.5.Мэргэжлийн  сургалтын  байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ


                                                         http://academy.org.mn

Нийтийн ашиг сонирхлыг төлөөлж ажилладаг, төрийн хэргийг залгуулдаг хэн боловч тогтсон дэг жаяг, дүрэм журам, хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг эртнээс хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, ийм шаардлагуудыг тавьсаар иржээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын асуудлаар Аристотель “Төрийн засаглалыг ёс зүй, улс төрийн хувьд шалгарсан мэргэшлийн хүмүүс хэрэгжүүлнэ”1 Гегель Г.В. нийгэмд “хүн бүр өөрийн ашиг сонирхол, зорилгынхоо төлөө зүтгэнэ”2 гэх зэргээр бичиж байсан байна. Харин манай өвөг дээдэс үе үеийн тэргүүний сэхээтнүүд, шашны нэрт зүтгэлтнүүд эзэн Чингис хааны үеэс эхлэн төрийн албаны дэг жаяг, ёс журмыг дээдлэн баримтлаж ирснээ тухайн үеийн хууль цаазын бичиг, түүхийн судар бичигт тэмдэглэн үлдээжээ.
Тухайлбал монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Лувсанпирэнлэй /1642-1715/ шашин төрийн зүтгэлтнүүд ноёд тайж зэрэг нийгмийн сэхээтнүүдийн үүрэг, эзэмшвэл зохих шинж чанарыг хос ёсны тухай сургаалдаа тодорхой тусгасан байдаг. Монголчуудын хууль цаазын бичгүүд тэр дундаа Их засаг хуулийн тухай түүхэн сурвалж бичгүүд болон эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлүүдэд дурьдсанаас үзэхэд төрийн хэргийг хөтлөн явуулах түшмэд, ноёдын төлөвшил, мэдлэг боловсролд ихээхэн ач холбогдол өгч байжээ. Чингис хаан төрийн түшээ нараа жил бүрийн эхэн ба эцэст хааны ордонд авчирч сургаал сонсгож, нэг ёсондоо мэргэжил боловсролыг нь дээшлүүлдэг байсан бөгөөд сайд, түшмэд, цэргийн жанжин, албат түшмэд бүгдээр эрүүл саруул, цэцэн цэлмэг байж, эе эвийг хичээж, найртай таатай амьдран, нас бие, сэтгэл зүрхээ төр улсдаа зориулах ёстой гэж үзэж байв. Энэ тухай “. . . Аливаа үйлчингээс аялгуут билэгт хүн хэрэгтэй, түмэн түмэн хүнээс төр ёс мэдэх хүн дээр буй” 3 хэмээн Чингис хааны билэг сургаальд бичсэн байдаг. Тэрчлэн 1913-1918 онд Богд Жавзандамбын зарлигаар боловсруулсан –Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг”4-ийн долоо наймджгаар дэвтэр нь Түшмэлийн засагт зориулагдсан байх бөгөөд төрийн түшмэдийн албан ямар байх учиртай хийгээд, хэрхэн сонгон шалгаруулж авах, тэдний эрдэм сахилга ямар түвшинд байх ёстойг нэгд нэгэнгүй заасан байдаг. Ийнхүү монголчууд эрт үеэс төрийн чиг бодлогод чин үнэнч, ямар ч нөхцөлд өөрийн хүчээ зориулан зүтгэх төрийн түшээдийг төлөвшүүлэх бодлогыг тасралтгүй явуулж иржээ. Улмаар төрт ёсны түүхэн уламжлал, баялаг туршлагадаа тулгуурлан төрийн албаны тогтолцоогоо нийгмийн шаардлага хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн хөгжүүлсээр өнөөдрийн цаг үетэй золгосон түүхтэй.

Төрийн албаны ёс зүйн менежментийг сайжруулах үүднээс мэргэжлийн ёс зүйн дүрэм, журмуудыг баталж, мөрдүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.
Өнөөгийн байдлаар дор дурьдсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмүүдийг боловсруулан гаргажээ.
·         Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн дүрэм
·         Прокурорын ёс зүйн дүрэм
·         Шүүгчийн ёс зүйн дүрэм
·         Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм
·         Шүүхийн ш/г байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм
·         Татварын байцаагчийн ёс зүйн дүрэм
·         Аудитийн ажилтны ёс зүйн дүрэм
·         Нотариатчийн ёс зүйн дүрэм
·         Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм
·         Мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм
·         Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм
·         Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм
·         Тагнуулын ажилтны ёс зүйн дүрэм
·         Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм
·         Төмөр замын ажилтны сахилгын дүрэм
·         Дипломат ажилтны сахилгын дүрэм
·         Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм
·         Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм
·         Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм

Эдгээр ёс зүйн дүрмүүд нь төрийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх итгэл үнэмшил болж төлөвшсөнөөр иргэнд хүрэх төрийн үйлчилгээний чанарт нөлөөлж чадах юм. Иймээс ёс зүйн менежмент, хүний нөөцийн бодлогыг байгууллага бүр оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай.
Төрийн албаны ёс зүйн дүрэм хичнээн олныг гаргаж, бүх шатны албан хаагчдын ёс зүйн хороо хэдийг ч байгуулаад бид зорилгодоо хүрнэ гэвэл бүтэхгүй юм. Учир нь ёс зүй, ёс суртахуун гэдэг өөрөө бие хүний зан төлөв, итгэл үнэмшил, үнэлэмж, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдаг. Иймд хүн бүрт, Их хурлын гишүүн, Ерөнхийлөгчөөс эхлээд бүх шатны төрийн албан хаагч хэн бүхний үүргийн ёс зүй, ёс суртахууны ухамсарыг дээшлүүлэх, нийгмийн үнэлэмжийг төлөвшүүлэх асуудал чухал юм.
Гаднын орнуудын туршлагаас үзэхэд төрийн албан хаагчийн биеэ хэрхэн авч явах тухай кодекс гаргаж мөрдүүлэх, түүнийгээ хууль тогтоомжоор баталгаажуулах, ёс зүйн зөвөлгөө, хяналт шалгалт эрхэлсэн зөвлөл, хороо байгуулах зэргийг голчилдог байна.
Баруун Европын зарим орнуудад төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн менежментийг сайжруулах үүднээс дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж иржээ.
·    Төрийн албаны ёс зүйн асуудлаар мэргэжлийн болон мэдээлэл судалгааны албуудыг олноор байгуулжээ. Жишээлбэл, АНУ-д муж улсын түвшинд 38 ёс зүйн хороо, орон нутгийн түвшинд 12 комисс ажилладаг бөгөөд гүйцэтгэх засаглалын байгууллагад ёс зүйн асуудал хариуцсан 150 мянган ажилтан ажиллаж байна. Харин Франци, Англи, Япон, Германд ёс зүйн зөвлөл, комисс, яам ажилладаг байна.
·    Төрийн албаны ес зүйн дүрэм гаргаж, мөрдүүлэх ажлыг ёс зүйн компанит ажил сургалт сурталчилгааны өргөн хэлбэрээр зохион явуулдаг.
·  Төр - иргэний харилцааны зарчим, иргэний эрхийн талаархи олон түмний мэдлэгийг нэмэгдүүлэх компанит ажил зохиох
·  Засаг захиргааны анхан шатны нэгжийн хяналтын ба тайлагналын механизм төлөвшүүлэх, төрийн албаны нээлттэй байдлыг хангах, байгууллагын бүтэц тогтолцоог сайжруулах,
·     Цалин хөлсний тогтолцоог амьжирганы өртөгтэй уялдуулан боловсронгуй болгох
·     Авилгалд өртөгдөгсдөд ноогдуулах сахилгын арга хэмжээг чангатгах
·     Авилгалд өртөмтгий албан тушаалтнуудыг сэлгүүлэн ажиллуулах
·   Өргөдөл гомдлыг шийдвэрлэх үр нөлөөтэй механизмийг төлөвшүүлэх, хяналт тавих тусгай агентлагууд байгуулах
·   Төрийн албан хаагчдын өмч хөрөнгийн мэдүүлгийг тогтоосон хугацаанд мэдээлж байх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг юм байна.
Эдгээрээс төрийн албан хаагчийн санхүүгийн мэдүүлэгийг олон түмэнд нээлттэй байлгах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг нь ихээхэн үр дүнд хүрдэг байна.
Гадны орнуудын төрийн албаны ёс зүйн дүрмүүдийг манай төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмтэй харьцуулан үзэхэд ёс зүйн асуудлуудыг зөвхөн өргөн хүрээнд жагсаасан байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд асуудлуудыг хэтэрхий нарийн, хууль тогтоомжтой адилхан томъеолох шаардлаггүй юм. Өөрөөр хэлбэл зүгээр л хийж болохгүй зүйлийг жагсааж болдоггүй. Гол үнэ цэнэ нь уг жагсаалтын анхаарлын төвд байх ёстой бөгөөд мэргэжлийн ёс зүй, төрийн албаны зарчим, үнэт зүйлсийг төрийн албан хаагч өөрийн итгэл үнэмшлээ болгосон байх ёстой юм.
Монгол улсын Төрийн албаны тухай хуулинд “Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино”5 гэж заасан байдаг нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны гол зарчмыг тодорхойлж байна. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа ард түмэндээ чиглэсэн, ил тод, нээлттэй байх бөгөөд хуулийг дээдэлсэн, захирах захирагдах зарчмыг гол болгосон байх ёстой. Өдөр тутмын үйл ажиллагаандаа “ард түмэнд үйлчлэх” зарчмыг баримталж, иргэдийн сонирхол эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хөнгөн шуурхай үйл ажиллагаагаанд төрийн албан хаагчдыг сургах, тэднийг хөгжүүлэх, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах үүднээс мэдээллийг бий болгох, дамжуулах чадвартай болгоход төрийн албаны хүний нөөцийн бодлого чиглэгдэх ёстой юм.
Төрийн албыг хэт улс төржсөн, хуваагдмал байдлаас ангижруулж, төрийн албанд мөрдөгдөх хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээг хаа хаанаа чанд сахих тогтолцоо бүрдүүлэх нь маш чухал юм. Төрийн албаны шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, түвшингээр тодорхойлогддог байх ёстой. Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж шууд шалтгаалдаг учраас төрийн албан хаагч бүр өөрийн үйл ажиллагаагаар иргэдийн эрх ашгийг хамгаалсан төрийн хэргийг залгуулж байгаа гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй юм. Үүний тулд төрийн албан хаагчдад төрийн үйл хэргийг үнэнч шударгаар хэрэгжүүлэх, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх зан төлөвийг төлөвшүүлэх нь чухал байна. Нөгөө талаар төрийн үйлчилгээний байгууллага бүр иргэн ба төрийн албан хаагчийн харилцаа, хамтын ажиллагааны таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ингэснээр төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд төрийн албаны зарчим бүрэн хэрэгжих боломж нөхцөл бүрдэх юм.

1Аристотель. Политика. Соч., в 4-х томах, Т-4., М., 1978, х.452/
2 Гегель Г.В. Философи право. М., 1990., х.228
3“Чингис хааны билэг сургааль УБ., 1991., х.22
4Зарлигаар тогтоосон Монгол лусын хууль зүйлийн бичиг УБ., 1995







Popular posts from this blog

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

Их дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг гадаадын зарим орнуудын туршлага

Ёс суртахууны боловсрол