Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн



2006 оны 12 сарын 29, Баасан
Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма "Би зөвхөн хуулинд захирагдана", "Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна", "Зөвхөн хуулийг дээдэлнэ" гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!?

ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ?
"Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан" гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг.
Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад "аль, аль нь мөн" гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захирагдаж байдаг шүү дээ. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (50,50 хувь) захирагдана гэж байдаггүй. Мөн өгүүллийнхээ санааг задлахын тулд хуулийн талаархи Бастиагийн "хачирхалтай" байр суурийг үндэслэх арга бий юү гэдгийг авч үзье. Бодит логик нь үнэн болохоор үндэслэж болно гэж бодож байна. Өгүүллийн маань үндсэн зорилго ч энэ билээ.

"Зөвхөн хуулийг дээдэлнэ", "Би хуулиас өөр юунд ч захирагдахгүй" гэх мэт үгс үнэндээ хоосон үг болох нь тэдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн үйл байдлыг анхааралтай ажигласан хүнд мэдрэгддэг. Тэр хүмүүс ч өөрсдөө хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ мэдэж л байдаг. Тэдний ихэнх нь "арьсаа хамгаалахын" тулд өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд эдгээр сүржин илэрхийллүүдийг маш чадамгай ашигладаг билээ.

ЛИБЕРТАРИ YЗЭЛ БА ХУУЛЬ

Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.
Энэ бол маш том, тэгээд ч нэлээд ээдрээт сэдэв. Либертари үзлийн үүднээс хуулийн тухай ойлголтыг маш товч илэрхийлэхийг хичээе. Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Төр хуу­лийн нэрээр хэрхэн хулгай, дээрэм хийдгийг монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Бастиа, Хайк, Мизес, Ранд, Фридман, Боаз, Бэргланд нарын либертари номнуудаас хараарай. Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг "чөдөр", баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж "дэглэхийг" оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л "laissez-faire''-ийн эсрэг зүйл дээ.

"ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ"

Хууль, ёс суртахуун хоёрт нэгэн төстэй чанар байх. Тэр нь юу вэ гэвэл, хоёул хүний зан төлвийг (behaүior-r) зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хоёрт маш том ялгаа бий. Нэг нь (хууль) тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг бол нөгөө нь (ёс суртахуун) чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу үйлд хэмээнэ. Энэ бол маш том ялгаа мөн! Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд "гэнэт" орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэмээргүй байна. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хү­сээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь "хууль биш гууль" болдог аж.

Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусч, тэд биднээр ёстой тоглох шиг болно. Уг нь иргэд тэдний өмссөн цагаан цамц, зангианд хууртагдах ёсгүй. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол хармааны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Эрхтэн ямбатнуудад хууль үйлчилдэггүй ийм ний­гэм нэртэйгээр нь үндсэн хуулиндаа "дарга болон хөрөнгөтэй хүмүүст хууль үл хамаарна" ("Энэ хууль И.Б.Титогоос бусдад нь хамаарна" гэдэг шиг) гэсэн заалт оруулчихвал амар.

Хуулийг хууль болгох арга замын тухай Кант "Тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх" нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог билээ. Муу хууль үйлдвэрлэдэг улс оронд хуулийг яс баримталдаг хүн байна гэж бодоход аймшигтай!

ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ МОНГОЛ "ХУУЛЬ"

Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог "гурав хоногийн настай зүйл" гэдгийг бүгд мэддэг. Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ” гэж ярьдагт бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм. Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томъёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд бай­даг учраас бага сага ойлгодог) харсан. Хэч­нээн логиктой, гүн гүнзгий агуулгатай импе­ратив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг байх.

ХУУЛЬ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫН АЛИНД НЬ ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу, хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Бастиа
Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй тэр хүмүүс л хууль-ёс ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг хулгайлаад авчихаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Гэтэл хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол хамгийн аймшигтай субъектууд. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аав ээж нь аваарт ороод амь нас нь агшин хором бүрээр тоологдож байхад хүртэл хэл хөдөлгөөнгүй зам дээр машинаа улаан гэрэл дээр зогсоох байх шүү, энэ "хуулийг баримтлагчид"! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай. Тэд эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль ёсны дагуу харьцана. Хууль ёсонд захирагдсан ийм гэр бүлд "хүн-ёс" гэж зүйл огт байдаггүй, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Айл гэрийн хамгийн нандин зүйл болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн "хачирхалтай" зүйл. Хуулиар амьдардаг ийм гэр бүл огтоос гэр бүл биш мэт санагддаг.

Хуулийг дээдэлдэг хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Ажил хэрэг явуулахын тулд тэр хүнд "би нэр төрөөрөө тангараглая" гэж хэлэх юм бол ёстой хөх инээдийг нь хүргэнэ. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, нэр төр, итгэлцэл байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр тэд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гээд албан ёсны баримт л шаардана. Түүнийг нь дагаад нөгөө хүнд суртал, авилга гээд хүн-ёстой харшилсан зүйлс гарч ирдэг. Хуульчдын "эвгүй" шинж ердөө л энэ. Хэчнээн сайн хуульч байна, төдий чинээ аймшигтай. өмнө маань нэг л машин байгаа юм шиг. Уг нь ч ойлгомжтой л доо, хуульч хүн нүдээ боолгосон Фемида шиг байх ёстой, гэхдээ л... Миний бодлоор хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, түүний утга санаа, цаад логикийг мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг.

ХУУЛИЙН ЁС ХИЙГЭЭД ХYНИЙ ЁС

Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. Гельвеций
Одоо нэгэнт бид ёс зүй гэж яриад заншчихаж дээ. Уг нь ёс суртахуун гэж яривал зөв юм шиг санагддаг. Харин ёс суртахууныг судалдаг ухааныг ёс зүй хэмээдэг (гоо сайхныг судалдаг ухааныг гоо зүй, сэтгэлгээний учир шалтгааныг судал­даг ухааныг учир зүй логик гэдэг шиг). За энэ ч яахав, мөн чанарын асуудал биш. Гол нь энд ёс суртахуун гэдэг бол хүн-ёс юм гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энэ асуудал тэдний хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйлийн нэг мөн (Та бүхэн "совесть" гэдэг орос үгийг монгол хэл рүү орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн Галсан докторын яриаг сонссон байх).

"Ёс суртахуун гэж юу юм бэ?" гэсэн асуулттай олонтаа тааралдаж байлаа. Yүнийг хамгийн хялбар байдлаар тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. "Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм, би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, би өөрийн хийсэн гэмийг хэнд ч хэлэхгүй" гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихаж байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчихаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал "хүн" болж байгаа нь тэр. Гэтэл ямар ч увайгүй үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, "хууль л зөрчихгүй бол боллоо" гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай.

Тэгэхээр Гельвецийн хэлснээр "Хүнийг хүн болгож бай­даг зүйл ёс суртахуун" юм бол "Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль". Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг учраас хэлж бай­гаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч "амьдралын арга эв" олдохгүй үе гэж байдаг шиг санагддаг. Уг нь ёс суртахуун гэдэг бол ойлгоход тийм ч хэцүү зүйл биш. Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч үед амьдарч байсан хүний хувьд бараг априори ойлголт шүү дээ. Нөгөөх коммунистууд маань бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон болохоос. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн "морозовчууд" бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудийхгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсч байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг биш үү.

Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (энэ нь хэм хэмжээ, "табу" гэсэн үг юм шүү дээ) үргэлж буруу байдаг. Ганцхан жишээ татахад, "Тунгалаг Тамир"-ын Эрдэнийг бид үргэлж хамгийн сайн хүнээр төсөөлдөг. Гэтэл тэр маань өөрийн хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөртөө хайртай хүний (Гэрэл) хайр сэтгэлийг далимдуулан үхэл рүү түлхэхээс сийхгүй нэгэн байсан шүү дээ. Мөн эхнэр Долгор ба Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм аятайхан зүйл биш санагд­даг. Мөн бидний бахархдаг өөр нэг хачин жишээ татахад, газраас олсон нэг тоглоом, барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч байдаг мар­гаанаас болж нэгнийгээ харваад алчихаж байгаа хүн (Чингис) тийм сайн хүн мөн гэж үү!

ХУУЛИЙГ ДЭЭДЛЭГЧ ХYН

Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл тэр х хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж ч болдог. Өөрөөр хэлбэл өч төчнөөн гэмт хэргийг хэдийнэ оюун санаандаа үйлдчихсэн байдаг. "Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юмсан", "Энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхих юмсан" гэх мэт өдий төдий гэмт хэргийг оюун санаандаа үйлдэнэ. Гэхдээ тэрээр "хуулийг дээдэлдэг хүн" учраас энэхүү гэмт бодлоо гадагш гаргаж, амьдрал хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу "бололцоо" нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд мөн. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас).

ЁС СУРТАХУУНЛАГ ХYН

Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг (Энд шашны тухай яриа гарч ирнэ. Yнэндээ Бурхнаас айх, өөрөөсөө айх хоёр нь эрс өөр зүйл. Энэ нь маш сонирхолтой ч гэсэн манай сэдвээс арай гажсан сэдэв учраас энд дэлгэрэнгүй өгүүлэхээ азнахаар шийдэв). Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүмүүсийн дотор оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ.

Ер нь юу зөв, буруу болохыг эрүүл, логиктой сэтгэдэг хүн хуультай хуульгүй ойлгож байдаг юм билээ. Тийм ч учраас АНУ-д "тангарагтны шүүх" гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хам­гийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн "буруутай" (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуу­лийн өмнөөс хэлбэржүүлнэ. Тэгэхээр "тангарагтны шүүх" гэдэг бол бидний ярьж буй зүйлтэй логикийн хувьд утга авцалдах сайн процедур мөнөөсөө мөн.

ЁС СУРТАХУУН БОЛ ЖИНХЭНЭ ХУУЛЬ МӨН

Нухацтайхан эргэцүүлээд үзэх юм бол нийгэмд "rule of law" биш, "rule of justice" ноёрхож байх ёстой юм шиг санагддаг (Энэ хоёр ойлголт хоорондоо хэр зэрэг авцалддаг тухай асуудал мөн л судалгааны тусгай сэдэв болох тул хойш тавихаас өөр арга олдсонгүй). Өөрөөр хэлбэл, нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой. Гэтэл амьдралын утга учир, хуулийн амин сүнсийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнийг цагдаа гудамжинд зогсоочихоод, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургаж, зандарч айлгаж байдаг хачирхалтай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Ухаандаа хууль, ёс журам мэддэг хүн "ёс журамгүй хүндээ" хэрхэн амьдрахыг зааж өгч байгаа нь тэр. Даанч гутамшигтай байгаа биз! Эвгүй нийгэм гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм.

Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна. Тэгэхээр хуулийг ёс суртахуунгүй хүнд хэрэглэх юм бол тэр нь "хууль ёсны хууль" болно. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэдгийг хүн бүр ухамсарлавал энэ нийгэмд эрүүгийн гэмт хэрэг төдийгүй бусад ёс бус байдал ихээхэн багасах байх даа гэсэн найдвар сэтгэлийн минь мухарт байдаг.

Ардын эрх сонин 179 /457

http://http://mongolianlaws.com/index.php?coid=10&cid=3&action=channels

2 comments:

Anonymous said...

миний бодлоор хүн ёс суртахууны амьтан уу гэдэг утгагүй санагдаж байна. хүн ёс суртахууныг захирна уу гэхээс ёс суртахуун хүнийг захирна гэж байхгүй. ёс суртахуун гэдэг миний бодлоор тухайн хүний сэтгэлгээ, боловсролын байдал, зан авир, хариуцлагатай байдал зэргээс үүдэн янз бүрээр илрэн гарах байхаа.

Anonymous said...

Ёооооо хуулийнхан энийг нэг уншаадхаасай....