Хураангуй
Өнөөгийн Монголын нийгмийн дээд сургууль төгсөгчдийн мэргэжлийн ёс зүйн одоогийн дүр төрхийг үзвэл мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх арга замуудыг товч боловч авч үзэх шаардлага гарч байна. Ингэхдээ суралцах үеийн мэргэжлийн ёс зүйн боловсрол, хүмүүжлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна.
Түлхүүр үгс
Мэргэжлийн хариуцлага, ёс суртахуун, мэргэжил сонголт, багш, эрх зүйн мэдлэг, сургалт
1990 оноос хойш хэвлэгдэн гарсан манай орны эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээлийг дүгнэн үзэхэд, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжээ гэж ярьж буй боловч, зарим судлаач үүнийг ёс суртахуунтай шууд холбон үзэхэд, зарим судлаач мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтоо хэрхэн хэрэгжүүлж буйтай холбон тайлбарласан байна. Мөн судлаач бүр өөр өөрийнхөөрөө нэр томьёог оноон, үгийг утгыг тайлбарлаж буй тул нэгдсэн нэг нэр томьёо болгон оноовол зохистой байна.
Доктор М.Золзаяа тодорхойлохдоо мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн ойлголтууд ялгаатай. Мэргэжлийн ёс зүй гэдэг нь мэргэжлийн онцлогоор нь нөхцөлдсөн ёс суртахууны хэм хэмжээ зарчмууд ба биеэ авч явах байдлыг илэрхийлж байна. Мэргэжлийн ёс суртахуун гэвэл ёс суртахууны зарчим хэм хэмжээг ухамсарлах үйлдэл, үнэлэмж юм [1] гэсэн бөгөөд цаашлан мэргэжлийн ёс зүйн дүрмийг гадаадын ихэнх оронд мэргэжилтний зан үйлийн дүрэм, мэргэжлийн хариуцлага гэж нэрлэдэг талаар бичсэнээр мэргэжлийн ёс зүйн холбогдолтой нэр томьёоны, ойлголтын талаарх асуудлыг хөндсөн байна. Манай оронд хэрэгжиж буй мэргэжлийн ёс зүйн холбогдолтой дүрэмүүдэд хуулийн хэллэг, ойлголтуудыг ихээр тусгасан явдлыг “Шүүгчийн ёс зүйн дүрэм” дээр тулгуурлан гаргаж ирсэн нь ихээхэн ололттой.
Доктор Т.Сэнгэдорж “Хуульчийн ёс зүй”[2] өгүүлэлдээ мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ёс зүй хэмээх ялгаатай нэр томьёо ашигласан бөгөөд үүнийг хуульчийн мэргэжлийн ёс зүй нь ерөнхий ойлголт болдог бол мэргэшлийн ёс зүй нь түүнээс урган гардаг тусгай ойлголт юм хэмээсэн байна. Үүнийг ерөнхий мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь төдийлөн хангалттай бус, харин нарийн мэргэшлийн ёс зүйг мөрдөх нь ажлын шаардлагаар зайлшгүй нөхцөлддөг тул мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн аль алиныг нэг адил биелүүлэх шаардлагатай. Эс тэгвэл ажлын ямар нэг алдаа дутагдал гаргахад хүргэж болзошгүй хэмээн тайлбарласан байна. Бидний үзэж байгаагаар мэргэжлийн ёс зүй нь тухайлсан мэргэжил бүр мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх арга зам нь төстэй тул мэргэшлийн ёс зүй хэмээн тусгайлан нэр томьёо оруулах шаардлагагүй гэж үзсэн.
Доктор Д.Тунгалаг мэргэжлийн зан суртахуун нь хүн ёсны ерөнхий зарчмуудыг тухайн мэргэжлийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан тодосгож хэрэглэн гэсэн үг хэмээн томьёолж болох ба мэргэжлийн ёс суртахууны тодорхой илрэлүүдийг судалдаг салбар ухаан нь мэргэжлийн ёс зүй юм[3] гэж тодорхойлсон байна. Түүнчлэн мэргэжлийн ёс зүйд боловсрох нь нийгмийн ухамсар бүрэлдэн тогтох нэг үндэс болно гээд авлигал, хээл хахууль, албан тушаалын болон нэр төрийн төлөөх тэмцэл нь орчин үед нилээд түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйн анхаарал татсан асуудал болж байна. Иймээс мэргэжлийн ёс зүйд диспозици, гипотез, санкцийг харгалзах нь чухал [4] хэмээсэн.
Диспозици нь хориглосон буюу зөвшөөрсөн хэм хэмжээ бөгөөд хүний үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хязгаарлаж эерэг үйл ажиллагаанд нь түлхэц өгөх үүрэг гүйцэтгэдэг. Үүнд удирдлагаа сонгуулийн үндсэн дээр сонгох, нэгэнт болсон удирдлага нь тогтоосон хугацаанд хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллах зэрэг хэм хэмжээнүүд багтана.
Гипотез нь хүний үйл ажиллагааг явуулах мэргэжлийн дүрэм, журам, мэргэжлийн ёс зүйд тодорхой нөхцөл болж байдгаараа онцлогтой.
Санкци нь нөхцөл байдлаас хамаарч дэмжих, буруутгах, олон нийтийн санал бодлыг харгалзах зэрэг олон янзын хэлбэрээр илэрдэг. Үүнд мэргэжилтэн ёс зүйн алдаа гаргавал сануулга өгөх, арга хэмжээ авах, үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн нэр төрөө хадгалан шударга хөдөлмөрлөвөл шагнал, урамшил, дэмжлэг үзүүлэх байж болно гэж үзсэн.
Монгол Улсын Боловсролын хуулинд “Багшийн ёс зүй”,”Багшийн ёс зүйн хэм хэмжээ” хэмээн томъёолж, мэргэжил бүрийн ёс зүйн хэм хэмжээг “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” гэх мэтээр батлан гаргасан буй тул энэхүү томьёоллыг баримтлах нь зүйтэй гэж бид үзсэн. Судалгааны явцад уншиж танилцсан гадаадын бүтээлүүдэд мөн дээрхийн адил томьёолон гаргасан байна.
Мэргэжлийн ёс зүйн талаарх судалгааны хувьд 1915 онд америкийн эрдэмтэн Жэсс Бондын дэвшүүлсэн[5] онолыг олон судлаачид баримталдаг. Мөн тэрээр албан ёсоор мэргэжлийн ёс зүйн хичээл оруулалгүй, албан бус сургалтын хүрээнд мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх боломжийг тодорхойлсон байна. Оюутнуудаас дараах асуултуудаар судалгаа авч түүнд дүн шинжилгээ хийсний үр дүнд албан бус сургалт зохион явуулах аргачлал боловсруулсан. Үүнд:
· Сургуулийн нэр
· Сургуулийн байрлал
· Сургууль байгуулагдсан он
· Сургуулийн онцлог бөгөөд давуу тал
· Хичээлийн жилд мэргэжлийн холбогдолтой хичээлийн орох хугацаа
· Жилд төгсөх төгсөгчдийн тоо
· Мэргэжлийн ёс зүйн талаар бодож байсан уу?
· Мэргэжлийн хичээлийг хэд дэх жилдээ үзэж байгаа вэ?
· Албан болон албан бус байдлаар мэргэжлийн курст явдаг уу?
· Мэргэжлийн ёс зүй хичээл судалдаг уу?
· Мэргэжлийн ёс зүйн дамжаа хичээллэдэг үү?
· Мэргэжлийн ёс зүй судалдаг дамжааны хичээл бусад хичээлүүдтэй уялддаг уу?
· Дадлага хэлбэрээрээ бусад хичээлүүдтэй холбогддог уу?
· Жилд орох мэргэжлийн хичээлийн тоо
· Та мэргэжлийн ёс зүйн мэргэшсэн дамжаанд ямар хугацаатай суралцсан бэ?
· Бүх төгсөгч нар мэргэжлийн ёс зүйн дамжаанд хамрагдаж чадсан уу?
· Хэрэв сонгож суралцдаг бол хэдий хэмжээний оюутнууд сонгон суралцдаг вэ?
· Хэдий хир цаг хугацааг мэргэжлийн ёс зүйн хичээлд зарцуулсан бэ?
· Хичээл ямар сэдвийн дагуу явагдсан бэ?
· Ямар хэмжээний унших материал өгөгдсөн бэ? /санал болгосон бэ? /
· Ямар онцгой чанарыг агуулж байсан бэ?
· Мэргэжлийн ёс зүй гэж тусгайлан ороогүй бол суралцагчид ямар замаар үүнд суралцдаг вэ?
· Та мэргэжлийн ёс зүй хичээлийг судлаад ямар давуу талыг өөртөө бий болгосон бэ? гэсэн утга бүхий асуултууд багтдаг.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын мэргэжлийн ёс зүйн тулгуур үзэл санаа нь Германы эрдэмтэн Андреас Бисийн дэвшүүлсэн малын эмчийн мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээний тухай үзэл баримтлал юм. Тэрээр малын эмч мэргэжлийн ёс зүйн зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн зохицуулагддаг талаар болон малын эмч, малын эзэн, мал амьтны хоорондын харилцаа болон тэдгээрийн харилцан хамааралын талаар гаргаж ирсэн. Малын эмч нь мал амьтан, малын эзэнд шууд хамааралгүй ч, харилцан хамааралтай бөгөөд малын эмч, малын эзэн хоёрын хооронд ажлын гэрээ үйлчилж байдаг. Малын эмчийн малын эзнээс ялгагдах чанар нь анагаах чадвар, эмчийн нэр хүнд, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, хуримтлуулсан ажлын туршлага, өвчний тархалтын талаарх зэрэг өргөн мэдлэг болно. Малын эмч, малын эзэн хоёрын хоорондын холбоо нь мал эмчлүүлэх асуудал бөгөөд эзний зүгээс эмчилгээний төлбөр асууж лавлах эрхтэй. Нөгөө талаар эзэмшигчийн санал дээр тулгуурлан эмчлэх шийдвэрийг малын эмч тогтооно. Харин эмчилгээний явцад малын эмч малын эзний шийдвэрийг дагаж мөрдөх шаардлагагүй. Дээрх санааг схемээр илэрхийлбэл:
Мэргэжлийн ёс зүйн талаарх өөр нэгэн үзэл баримтлалыг Герман эрдэмтэн Питр Штрахэндорф дэвшүүлсэн. Тэрээр нарийн мэргэжих тусам, мэргэжлийн ёс зүйн асуудал улам нарийсдаг бөгөөд мэргэжлийн ертөнцөд өөрсдийгөө удирдан залах ёс зүйн хэм хэмжээг тогтоох оролдлого улам нэмэгддэг хэмээсэн. Тэрээр өөрийн үзэл баримтлалаа Кантын сургаалд тулгуурлан гаргаж ирсэн. 200 зорчигчтой онгоц техникийн гэмтлийн улмаас 50000 хүнтэй барилга чиглэн мөргөх аюултай нисэж байхад та аль талыг нь бай болгон унагах вэ гэдэг зайлшгүй сонголтын магадлалыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь үүгээрээ мэргэжлийн бодлого бодолт нь мэргэжилтний зөв шийдвэр гаргахад туслах хүчин зүйл болно гэж үзсэн. Түүнчлэн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн хоёр үндсэн ойлголт гаргаж ирсэн. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжлийн хүрээнд хийгддэг бүхий л талын үйл ажиллагааг судалдаг бол мэргэжлийн ёс суртахуун нь мэргэшлийн хүрээнд хийгддэг үйлдэл гэж ялган тодорхойлсон. Эрх зүй мэргэжлийн ёс зүйгээс юугаар ялгарах вэ? Эрх зүй нь гадаад эрх мэдэл бол мэргэжлийн ёс зүй нь дотоод эрх мэдэл хэмээсэн. Ихэнх хууль ёс суртахууныг үндэслэлээ болгодог боловч зарим ёс зүйгүй хууль батлагдан гардаг. Ийм тохиолдолд сөрөн зогсох үйлдэл гаргах хэрэгтэй. Харин мэргэжлийн ёс зүй нь хууль дүрмээр зохицуулагддаггүй бөгөөд хуулиас өргөн хүрээтэй асуудлыг хамардаг. Амьдралын бүхий л хүрээнд эрх зүй үйлчилдэггүй бөгөөд харин ёс зүйн дүн шинжилгээгээр шийдэгддэг гэж үзсэн байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг ба энэ нь ёс төдий бус хэрэгжих бус өнөө үе, хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэн, амьдрах чадвартай байх хэрэгтэй юм. Мөн албан хаагчдаас ард иргэд, олон нийттэй харьцах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх соёл, дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн төлөвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн амьдрал ахуйд нь хэвшил болон тогтоодог. Бидний судалгаандаа хамруулан авч үзсэн орнуудын хувьд цэцэрлэгийн наснаас нь “Ёс зүйн үндэс” хичээлийг нарийн тогтсон стандартын дагуу, тодорхой шатлалтайгаар бүрэн дунд боловсрол эзэмшиж дуустал заадаг бөгөөд их, дээд сургуульд суралцагчдад/ нийгмийн ухааны салбараас бусад/ тусгайлан ёс зүйн үндэс хичээл заадаггүй. Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн онцлог, мэргэжилтний гаргаж болзошгүй алдаа, мэргэжилтэй холбоотой хууль, дүрэм журам, хэм хэмжээ, мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар бага цагаар танхимын нөхцөлд зааж сургадаг. Ингэснээр мэргэжилтэн бүр ажил амьдралдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нарийн даган мөрдөх бололцоо, нөхцөл бүрддэг байна. Ёс зүйн зөв хүмүүжилтэй хүнд мэргэжлийн ёс зүй амар хялбар төлөвшинө.
Мэргэжилтэй боловсон хүчин нь өөрийн мэргэжлээ гаргууд сайн эзэмшсэн байгаад зогсохгүй бусдыг үлгэрлэж чадахуйц мэргэжлийн ёс зүйн байх нь онцгой чухал юм. Гэвч мэргэжилтний баримтлах зарчим нь тодорхой боловч түүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь тодорхой бус байгаагаас мэргэжлийн ёс зүйн зөрчил их гардаг тул зарчмыг шинэчлэн боловсруулж, түүнд дүн шинжилгээ хийж сайжруулж байх шаардлагатай. Мэргэжлийн өндөр ур чадвартай сайн ажилтан ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог. Энэ нь түүний ёс суртахууны эрхэм чанаруудтай нь холбоотой байна.
МУИС, Орчин үеийн улс төрийн судалгааны төвөөс 2007 онд явуулсан “Авилгалыг дэмжигч болон хориглогч хүчин зүйлс” гэсэн судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 61.7 хувь нь авилгал өгч төрийн өндөр албанд очдог, эргээд тэндээсээ эдийн засгаа сайжруулдаг буруу тогтолцоо хэвшил болсон, улс төрчдийн дунд ашигтай байр суурийн төлөөх тэмцэл явагдаж байна[6] гэж үзжээ. Нэр бүхий олон хэргийн ард удирдах ажилтан, төрийн албаны ажилтан байх бөгөөд хариуцлага үүрч байгаа нь төдийлөн алга байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүй зөрчигдөж буйн тод илрэл юм. Хүмүүсээс өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог нийгмийн хэм хэмжээнүүд нь аливаа этгээдийн хөдөлмөрийн үйл ажиллагааны хүрээ, тэдний мэргэжлийн онцлогоос хамаарч олон янз байна.
Хүний хөгжлийн талаар, хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн нийгэмд хүний эрх, эрх чөлөө, ёс зүйн талаар боломжит түвшингийн хандлага төлөвшин тогтож нийгмийн сэтгэл зүй эрүүлждэг тухай эрдэмтэн судлаачид, санал нэгтэй бичиж, тэмдэглэж байна. Эдгээр нь шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас, эрх эдлэх, үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж үздэгтэй холбоотой.
Мэргэжлийн ёс зүйн зарчим нь мэргэжилтний үйлдлийг ёс зүйн хэм хэмжээнд нийлүүлдэг шаардлага тул хүнийг нийгэмд амьдрах чадварыг илэрхийлдэг. Эдгээр зарчмууд нь хөгжлийн дагуу бүрэлдэн тогтдог зайлшгүй шинжтэй бөгөөд мэргэжилтэн нийгмийн байдал, угсаа гарал, албан тушаал, нас, хүйс зэргээс хамааралгүй тэгш үйлчилдэг түгээмэл шинжтэй ба ёс зүйн зарчмуудыг хэн нэгэн санаагаараа зохиодоггүй объектив шинжтэй. Мэргэжлийн ёс зүйн гол зарчим нь хөдөлмөрч байх явдал юм. Монгол хэлний тайлбар толь бичгүүдэд “Хөдөлмөрч” хэмээх үгийг “хөдөлмөрт нэн тууштай, үнэнч” гэж тайлбарласан байдаг ба сүүлийн үед энэ үгнээс татгалзан өөр үг сонгох нь зүйтэй гэж байгаа нь тохиромжгүй гэж үзэж байна. Мөн хүмүүнлэг энэрэнгүй байх, эх оронч байх, хамтач байх хэмээх ёс зүйн үндсэн зарчим мөн адил мэргэжлийн ёс зүйд хамааралтай. Мэргэжлийн ёс зүйн зарчмууд нь байгууллагын ажилтанд тодорхой шийд гаргах, ямар нэгэн алхам хийх, харилцан үйлдэл явуулахад хамгийн гол ёс зүйн суурь болдог. Үүнд байгууллагын сонирхолд нийцээгүй алхам хийхгүй байх, өөрийн ажил үүргийн хариуцлагаа ухамсарлах, засран сайжирч байх, ёс зүйн хувьд тогтвортой байх, үнэнч байх, бусдын болон өөрийн эрхийг хүндэтгэх зэрэг орно. Ирээдүйн мэргэжилтэн өөрийн мэргэжлийн үүргийг ухамсарласнаар, мэргэшлийн өндөр түвшин нь ажлын чанарын баталгаа болж, мэргэжлийн үүргээ сайн мэдэж нарийн чанд биелүүлэх, мэргэжлийн үйлчилгээг хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд баримтлан хүргэх, нийгэм хамт олон, үйлчлүүлэгчийн сайн сайхны төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах, хамт олны болон өөрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх сонирхолтой болж, өндөр зохион байгуулалт, дэг журам, сахилга баттай байж, мэргэжлийн үүргээ биелүүлэх сэтгэлийн тэнхээтэй болж, өөрийгөө байнга шинэ мэдлэгээр боловсруулах болно. Иймээс өнөөгийн оюутны ёс зүйн төлөвшил, аж төрөх ёсыг сайжруулахын тулд чиглэсэн зорилготой, тууштай үйл ажиллагаа явуулах нь чухал болж байна.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн авьяас, сонирхлыг зөв ажиглан, чиглүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авч, сургууль төгсөх үед сонгож буй мэргэжлийнх нь талаар тодорхой ойлголттой болгосноор залуучууд эзэмшихийг хүсэж буй мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой байж, өөрийн хүсэл сонирхол эрмэлзэл нь тухайн мэргэжлийн шаардлага зорилгод нийцэж буй эсэхийг сайтар бодолцох бололцоотой болно. Ирээдүйн мэргэжилтэн янз бүрийн бэрхшээлээс төвөгшөөлгүй, хүний сайн сайхны төлөө явж чадах эсэх зэрэг тухайн мэргэжлийн онцлог шаардлагуудыг мэргэжил сонгохоос өмнө сайтар бодох хэрэгтэй. Мэргэжлийн буруу сонголтоос гарах сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн мэргэжлийн онцлогийг, ямар үүрэг хүлээсэн мэргэжилтэн болох ёстойг сайтар ойлгуулах хэрэгтэй. Мэргэжил сонголт нь хүний амьдралын хамгийн чухал алхам болохоор түүнд ухамсартай, сэдэл тэмүүлэлтэй хандах нь зүйтэй. Сургууль хэрэглэгчээр дутахгүй болсон өнөө үед үнэхээр тухайн мэргэжлээр , чиглэлээр суралцаж чадах, сонирхолтой хүмүүсийг шилж авч болох ба зөвхөн ерөнхий эрдмийн бус сэтгэл зүй, зан төлөвийн хэв шинж, сэдэл сонирхлыг илрүүлэх тестүүд ашигладаг болох хэрэгтэй байна.Энэ бүх арга хэмжээг авсны дүнд эзэмших мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой оюутан элсэн орох бололцоо бүрдэх нэгэн нөхцөл болж өгнө.
Мэргэжлийн ёс зүй төлөвшихөд мэргэжлийн хичээлийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ талаар сүүлийн үед их анхаарал тавьж байна. Нийгмийн амьдралд тухайн мэргэжлийн эзлэх байр суурь, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагын талаарх төсөөлөл, ойлголтуудыг мэргэжлийн хичээл бүрэлдүүлэн өгдөг билээ. Тийм учраас их, дээд сургуулийн 1-р дамжаанаас эхлэн оюутнуудад мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчмуудыг эзэмшүүлэн мөрдүүлж сургах хэрэгтэй.
Оюутан залууст ирээдүйн мэргэжлийнх нь анхны төсөөлөлийн мэргэжлийн багш буй болгодог. Багшийн гадаад төрх, оюутантай харьцаж байгаа байдал, соёл, эрдэм шинжилгээний ажлын амжилт, сонирхол зэрэг нь оюутанд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Өнөөгийн нөхцөлд оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх асуудлыг багш нараас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй. Багш нарыг ирээдүйн мэргэжилтэн бэлтгэж байгаа ёс суртахууны хариуцлагыг нь тэдэнд эрхэм болгон тавиулж үүнтэй нь хариуцлага тооцох системийг бий болгох хэрэгтэй. Багш нарын зүгээс оюутан сурагчдыг хүндэлж, эрхэмд үзэж байж өөрсдийгөө хүндлүүлдэг харилцааны урлаг, соёлд суралцуулдаг тул багш нарын биеэр үзүүлэх үлгэрчлэлийг дээшлүүлэх ажил зохиох хэрэгтэй байна. Асуудал дэвшүүлж, үнэнийг багш , оюутан, хамтарч эрж хайдаг сургалтын арга зүйг эзэмших, маргаан мэтгэлцээнд багш, оюутан адил тэгш эрхтэй оролцдог сэтгэл зүйн уур амьсгал нийт анги танхимд бий болгох нь зүйтэй.
Тухайн мэргэжлийг зааж буй багш тэргүүлэх профессор -1, оюутны эзэмшиж буй мэргэжлийн зааж буй мэргэжлээрээ ахиж яваа заах арга сайтай багш -1, нийгмийн ухааны тэнхмийн багш -1, сургуулийн захиргааны сургалтын албанаас нэг хүн оролцуулсан “Мэргэжлийн ёс зүй” хичээл заах багш нарын баг байгуулан багийн системээр ажиллуулах загварчлал гаргаж байна. Хичээлийн сэдвийг сургуулийн заах аргын зөвлөлөөс батлан гаргах бөгөөд нэг семестрт 12 сэдэв байхаар төлөвлөнө. Оюутан болсон эхний жил ёс зүйн хичээл 2 кредитээр нэг семестр орж, 2-3 курст мэргэжлийн ёс зүйн хичээлийг 2 кредитээр нэг нэг семестр орохоор төлөвлөнө. Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаа нь ерөнхий эрдмийн хичээл, суурь хичээл голлон үздэг бөгөөд хоёрдугаар дамжааны хичээлийн 80% нь мэргэжлийн хичээл болж ирдэг тул, энэ үеэс нь оюутан бүрийг мэргэжлийн ажиглах дадлага албан ёсоор хийлгэх нь үр дүн, ач холбогдолтой. Мөн хоёрдугаар дамжаанаас оюутнуудыг багаар ажиллах чадвартай болгохын тулд, нэг хүний амжилт, хамт олны амжилт ямар үнэ цэнэтэйг ойлгуулах зорилгоор 4-5 оюутны бүрэлдэхүүнтэй илтгэл бичих баг бүрдүүлэн, тэнхмийн, сургуулийн, төв сургуулийн, хотын, улсын гэсэн шат дараалалтай эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. 3-4-р дамжаанд мэргэжлийн түвшинд эрдэм шинжилгээний ажил удирдагч багшийн удирдлагаар хийвэл оюутан залуус мэргэжилдээ дур сонирхолтой, үнэнч ажиллах, сайн мэргэжилтэн болох суурь сайн тавигдана.
Хүмүүжлийн яриа, мэргэжлийн онцлогийг үзүүлсэн тодорхой сэдвүүдийг мэргэжлийн үндсэн хичээлийн дэд сэдэв болгон долоо хоногт 2 цаг 2 семестр орж онол , дадлагыг зэрэг эзэмшүүлж, дадлагажуулах ажлыг давхар соёл олон түмний ажлаар дамжуулан хийвэл илүү үр өгөөжтэй гэсэн саналыг судлаачийн багш нараас авсан судалгаанаас харж болно.
Нийт оюутан сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх чухал алхамуудын нэг болно. Эрх зүй ба мэргэжлийн ёс зүйн олон асуудал хоорондоо холбоотой боловч ялгаатай талууд буй бөгөөд үүнийг нь хуулиар шийдвэрлэнэ, үүнийг нь ёс зүйн дүрэм журмаар шийдвэрлэнэ гэдгийг ойлгуулах сургалт, семинар зохион байгуулах хэрэгтэй.
Оросын их эрдэмтэн А.В. Луначарский ” Өсвөрийн үеийнхэн бол өмнөх үеийнхээ мөрөн дээр зогсч тэдний хал туршлага хийгээд түмэн үеэр хуримтлуулсан бүхий л хэрэгтэй зүйлийг ухварлан авахын хажуугаар мөн хуучны хэрэггүй муухай муухай шавар шалбааг үнэр танараас авалцаж байдаг. Хэрэв энд аль нэг сайтар ялгагч шүүр тор тавибал хамаг үнэтэй цэнэтэй зүйлс нь юуны түрүүнд ялгарч, өнөөх булингар шавхайн эхүүн зүйл нь шүүлтүүр дээр тунаж хоцрох нь магад. Энэ шүүлтүүр бол сургууль байх ёстой”[7] гэжээ. Энэхүү шүүлтүүр болсон их дээд, сургуульд элсэн орон суралцаж буй залуус болох , өөрийн авьяас тэмүүлэлдээ таарах ажлыг хайж буй 16-25 насны залуучуудад хүүхэд ахуйгаас нь тогтсон зүйл бол бол дадал зуршил байдаг. Дадал зуршил удаан хадгалагддаг боловч өөрчилж болохгүй зүйл биш. Муу дадал зуршлыг сөрж эвдэх хэрэгтэй. Хүн өөрийн муу дадал зуршлыг мэдэх боловч туулж давж чадахгүй их зүдэрдэг.[8] Хүний ухамсар хүмүүжлийг өөрчлөхөд албадлага шахалт хэрэгцээтэй боловч албадлага шахалтанд хэт найдлага тавьж болохгүй. Учир нь албадлага шахалдлага хийхгүй тохиолдолд бүх зүйл бахь байдгаараа байх болно гэсэн үг. Социализмын үеийн захиргаадалтын аргаар бус зах зээлийн нийгмийн үеийн хүнд өөрт нь хэрэгцээтэй гэдгийг ойлгуулах замаар сөрөг дадал зуршлаас салах ажлыг сургууль, багш нарын зүгээс зохиох нь зохистой.
Хууль сахиулах байгуулагын үйл ажиллагаа шударга боловсронгуй байснаар мэргэжлийн ёс зүй зөрчигдсөнөөс үүдсэн хэрэг үнэнч шударгаар шийдэгдэж буй нь олон түмний нүдний өмнө байснаар ирээдүйн мэргэжилтэн нар хэрэв зөв зүйтэй алхам эс хийвээс ийм байдалд хүрч болзошгүйг ухаарна.
Оюутны холбоо нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх ёстой гол байгууллагын нэг тул хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Оюутанд зориулсан мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх сайтыг оюутаны холбоотой хамтран зохион байгуулна. Сайтын бүтцэнд:
- Мэргэжлийн ёс зүй гэж юу вэ? гэсэн тодорхойлолт бүхий нүүр хуудаснаас сайт эхэлнэ.
- Мэргэжлийн ёс зүйн хэлэлцүүлэг: Асуудал дэвшүүлсэн нөхцөл байдал бүхий жишээ аван сайтанд блог болгон тавина. Сайтаар зочилсон оюутан бүр уг блогд өөрийн үзэл бодлоо бичсэн байх бөгөөд тэдний саналыг эрдэмтдийн саналтай харьцуулсан үнэлгээг 7 хоног бүр гаргаж тавина.
- 14 хоногт нэг удаа дэлхийн хэмжээний шинжлэх ухаан техникийн ололтын талаарх дэлгэрэнгүй материалыг мэргэжлийн холбогдох сайтуудаас татан авч орчуулан тавина.
- Оюутан өөрөө өөртөө үнэлгээ өгөх ёс зүй, мэргэжлийн ёс зүйн тест сар бүр нэмэгдэн шинэчлэгдэн тавигдаж байх
- Мэргэжлийн түвшинд гарамгай амжилт гаргасан хүний амьдралыг үлгэр жишээ болгон тавьж байх
- Мэргэжлийн бодлого 14 хоногт нэг удаа тавигдана. Бичиглэл, дүрслэлийн хувьд хөгжилтэй хэлбэрийг сонгоно. Хэрэв бодлого бодогч алдаа хийсэн тохиолдолд түүнийг ямар сүйрэл, сэтгэл санааны тавгүйтэл, дарамт учирч болохыг тоглоомын аргаар гаргаж ирнэ.
Шинжлэх ухаан технологийн асар хүчтэй, үсрэлтийн энэ үед цахим сургалтын хэлбэр ажиллуулах нь ихээхэн ач холбогдолтой зүйл тул оюутан залуусын WEB хуудсыг Сургалтын албаны шууд удирдлага доор ажиллуулбал зохих үр дүнгээ өгнө.
Дүгнэлт
Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний тухай ойлголтыг оюутанд өгч, тэдгээрийг дагаж мөрдөхийн чухалд итгүүлэх нь онцгой ач холбогдолтой зүйл биш. Харин энэ хэм хэмжээнүүдийг үндэслэж, хүмүүсийн дагаж мөрдөж байгаа зорилго, эдгээр хэм хэмжээнүүдийн обьектив утга санааг нээхэд оршино. Ёс зүйн энэ зарчим, хэм хэмжээ нь хүмүүст өөрийнх нь эсрэг үйлчилж байгаа гадаад хүч бус, харин өөрийнх нь зорилгын нэг хэсэг гэдгийг оюутан залуусын ухамсарт шингээх ажил зохиох хэрэгтэй байна.
Оюутан залуусын гол ажил эх зохиолтой ажиллан, тэмдэглэл хийн, өөрийн оюунаар боловсруулан сурч боловсрох явдал байтал өнөөгийн их сургуульд багш нь лекцэн дээр хэлж бичүүлээд түүнийгээ дараа нь семинарын хичээл дээр дэвтэр үзэн тооцож, өөрийн хэлснээ эргүүлэн асуух явдал түгээмэл байгаа нь оюутны сэтгэлгээг хөгжүүлэхгүй байгаа тул сэтгэлгээний шинэ хандлагыг оюутан залууст төлөвшүүлэх шаардлагтай байна. Ингэснээр оюутан залуус эзэмших мэргэжлийнхээ утга учрыг олоход илүү дөхөмтэй.
Оюутан бүрийг бодит амьдралд, бодит зорилготойгоор, өөрийгөө бүрэн хариуцах чадвартайгаар оруулах ажил зохиох нь чухал байна.
[2] Т.Сэнгэдорж. Хуульчийн ёс зүй. Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. УБ.,2007 83 дах тал
[3] Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй /эмх/ УБ.,2007 8 дах тал
[4] Мөн тэнд 8 дах тал
[5] Jesse H.Bond. The teaching of professional ethics in the schools of Law, Medicine, Journalism and Сommerce in the United States. 1915
[6] МУИС. Орчин үеийн улс төрийн судалгааны төв. Авилгалыг дэмжигч болон хориглогч хүчин зүйлс. УБ.,2007 72 дах тал
[7] Дашжамц.Д. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас. УБ.,1968.16-р тал
[8] Дашжамц.Д. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас. УБ.,1968.17-р тал
No comments:
Post a Comment