Хураангуй
Хүний хөгжлийн тухай, хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн оронд хүний эрх, эрх чөлөө, ёс зүйн талаар боломжит түвшингийн хөгжил, хандлага, төлөвшил тогтож нийгмийн сэтгэл зүй цэвэршдэг тухай эрдэмтэн судлаачид, санал нэгтэй бичиж, тэмдэглэж байна. Энэ нь ёс зүйн үндсэн ойлголт болох сайн ба муу, үүрэг хариуцлага, шударга ёс, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал амьдралын утга учир, эрхэмлэл буюу сайн сайхны төлөөх тэмүүлэл зэрэгтэй уялдуулан хөгжил дэвшилд бага зардлаар богино хугацаанд хүрэх зам мөрийг бий болгох явдал гэж үздэгтэй холбоотой юм.
Ардчилал өндөр хөгжсөн орнуудад албан хаагчдаас ард иргэд, олон нийттэй харьцах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх соёл, дадал хэвшилийг хүн бүрт бага наснаас нь төлөвшүүлэн, амьдрал ахуйд нь хэвшил болон тогтоодог. Ингэснээр мэргэжилтэн бүр ажил амьдралдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нарийн даган мөрдөх бололцоо, нөхцөлийн суурь болж өгдөг.
Түлхүүр үгс
Ёс зүй, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн онцлог, нийгмийн шаардлага, туршлага
Оршил
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь ёс төдий бус хэрэгжих бус өнөө үе, хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэн, амьдрах чадвартай байх хэрэгтэй юм. Аливаад шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас, эрх эдлэх,үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж гадаадын лон орнудад үздэг бөгөөд бодит амьдралд хэрэгжүүлэх олон арга хэмжээг системтэй авч хэрэгжүүлдэг,
Ёс зүйтэй байсны давуу талууд нийгэмд их байдаг. Мэргэжлийн ёс зүйг мөрдсөнөөр ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл багасахад нэмэр нөлөөтэй. Жинхэнэ мэргэшсэн мэргэжилтнүүд ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог тул энэ сэтгэхүйг оюун ухаанд нь бат суулгаж байж нийгмээ цэвэр хөгжүүлэх нэг хүчин зүйл болгодог.
Бид гадаад орны туршлага болгон манай улстай хөрш зэргэлдээ оршдог, 70 жил нийгмийн нэг системээр хамтдаа хөгжлийн зам туулсан, манай улсын боловсролын системтэй адил төстэй олон шинж бүхий ОХУ, манай урд хөрш, Ази тивийн соёлын томоохон төлөөлөгч, өөрийн өвөрмөц онцлог бүхий боловсролын системтэй, коммунист намын удирдлагаар хөгжлийн чиг хандлагаа тодорхойлдог БНХАУ , дэлхийд тэргүүлэх гүрэн болох АНУ, сүүлийн 20 жил гаруй хугацаанд монголчууд олноор ажиллаж сурч байгаа бөгөөд Ази Өрнөдийн соёл боловсрол зэрэгцэн хөгжиж буй БНСУ –ыг сонгон авсан.
ОХУ-ын оюутны ёс зүйн төлөвшил
ОХУ нь 1990 оноос хойш социалист нийгмийн тогтолцооноос татгалзаж төрийн зохицуулалт бүхий зах зээлийн эдийн засагт шилжсэн. Энэ үеэс төрийн зохицуулалт бүхий эдий засгийн тогтолцоог төлөвшүүлэх, эдийн засгийн хоёр тогтолцооны дүрэм журам хоорондын ялгаатай байдлыг арилгах, үүнээс үүдэх зөрчлийг үгүй болгох, мөн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний доройтол, учраа олохгүй балмагдсан явдлыг арилгах асуудал засгийн газрын өмнө тулгарсан.
Орос орон нэгдмэл нэг соёлтой биш, харин олон үндэстэн ястны олон төрлийн соёл, ёс заншлын цуглуулга гэж болохоор юм. Газар нутаг болгон өөр өөрийн шашин шүтлэгтэй. Ийм нөхцөл байдалд нэгдсэн нэг ёс зүйн хэм хэмжээнд бүгдийг барих нь нилээн бэрхшээлтэй ч ёс зүйн хэм хэмжээг оюутан сурагчид, залуучуудад төлөвшүүлэх арвин туршлага, уламжлалтай,
“Бизнес улс төрийн” хувийн их сургуулийн оюутнуудын дунд зохиох хүмүүжлийн ажлын хөтөлбөрт дүн шинжилгээ хийхэд бусад улсын болон хувийн их дээд сургуулиудын зарчимтай адил хэмжээнд байсан тул жишээ болгон авсан.
1-3-р семестрт мэргэжлийн ёс зүй олгох тал дээр :
· Эзэмших гэж буй мэргэжлийнх нь мэргэжилтнүүдтэй уулзуулах
· Тухайн салбарын хөдөлмөрийн сэтгэл зүй, мэргэжлийн стандарттай танилцуулах
· Оюутныг хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн тал дээр нь болон хувь хүн талаас нь бэлтгэх
· Сонгосон мэргэжлийнхээ өмнө хариуцлагатай байх хүмүүжил олгох
4-6-р семестрт :
· Мэргэжлийн компететность төлөвшүүлэх
· Мэргэжилд нь шаардлагатай шинж чанарыг төлөвшүүлэх
· Мэргэжлийн хүрээнд бие даасан шийдвэр гаргаж сургах, мэргэжлийн бүтээлч байдалд сургах
7-9-р семестрт :
· Зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болгон төлөвшүүлэх /хөдөлмөрт дуртай болгох, эдийн засгийн мэдрэмжтэй болгох, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж сургах, багаар ажиллаж сургах/
· Бие даасан байдал, зарчимч шинж чанар, хариуцлагатай байх чанаруудыг гүнзгий төлөвшүүлэх,
· Мэргэжлийнхээ хүрээнд , үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чаддаг байх
зорилтуудыг тавин ажилладаг бөгөөд эдгээр зорилтын хүрээнд 1-3-р семестрт оюутнуудыг сургуультай танилцуулах , сонгосон мэргэжлийн онцлог, ажлын байрны нөхцөл, сонгосон мэргэжлийн ололт, амжилт, зорилтын талаар өгүүлсэн видео лекц зохион байгуулах, хөдөлмөрийн хамт олонтой уулзуулах 4-6-р семестрт сонгосон мэргэжлийн шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцуулах, суурь шинжлэх ухааны эх сурвалжуудыг судлуулах, оюутны эрдэм шинжилгээний ажилд бүрэн оролцуулах, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавиулах, оюутнуудыг мэргэжлийн хүрээнд гарсан сүүлийн үеийн ололтын талаарх мэдээллээр хангах, өөрсдийн болон бусад оюутны ажилд дүн шинжилгээ хийж сурах, өөрийн бодлоо илэрхийлж сурах, 7-9-р семестрт өөрийн эрдэм шинжилгээний ажлын хүрээнд хийсэн “бяцхан” нээлтүүдээ асуудал болгон дэвшүүлэх, сургуулийн хүрээнээс гарч улсын чанартай уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох, үйлдвэрлэлийн дадлага хийх, диплом хамгаалтандаа бэлтгэх ажлыг зохион байгуулдаг байна.
Оюутан сурагчдын дунд явуулсан олон төрлийн зорилго чиглэл бүхий судалгаануудын үр дүнд үнэлэлт өгсөн бөгөөд ОХУ-ын оюутнуудыг ёс зүйн хэм хэмжээ болон ёс суртахууны төлөв байдлын дутагдалтай байдлаас гарахын тулд барууныхны ёс зүйн баримтлалыг даган мөрдөх, системтэй ажил зохиох хэрэгтэй гэж нилээн олон эрдэмтдийн баг үзсэн. 2003 онд Ахмед, Чунс, Эйгэнсэхэр нарын явуулсан судалгаагаар оюутнуудын ёс зүйн хандлагууд болон заалгаж буй хичээл хооронд сөрөг харилцаа байгааг илрүүлсэн. Сүүлийн үед баруунд дэлгэрээд байгаа ажилд орохыг хүсэгчдийг ахлах сургууль, коллежид, их дээд сургуульд ямар ёс суртахуунтай хүмүүжиж байсан тодорхойлолт шаарддаг байдлыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн саналд хүрсэн. Хэрэв оюутнуудад мэргэжлийн ёс зүй зөв төлөвших юм бол нийгмийн хөгжлийн чиг, үзэл бодол дээшлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн нэгдсэн нэг үзэл бодолтой.
БНХАУ-ын оюутны ёс зүйн төлөвшил
Эртний Хятадын ёс зүй нь байгаль ба нийгэмд нийгэмд оршин буй бүх юм Ян, Инь гэдэг эсрэг тэсрэг хоёр ойлголтоор /гэрэл-харанхуй, хатуу-зөөлөн, эрэгтэй-эмэгтэй г.м/ тайлбарлагддаг. Энэхүү эсрэг тэсрэг хоёр хүчний хослолоос тэнгэр, газар, аянга, ус, салхи, мод, гал өөрөөр хэлбэл, ертөнцийн бүх юмс үзэгдэл бий болсон. Энэ бүхэн нийлж байж материаллаг зүйлийг /Ци-г/ бүтээдэг гэж үздэг. Энэхүү материалист үзэл дээр тулгуурлан ёс зүйн сургаалиа гаргасан. Ёс зүйн хүмүүжлийн тухай Хятадын уламжлалт философийн түүхэн хөгжил түүхийн судалгаанаас үзэхэд метафизикийн боловсролын амь нь хүний төрөлх зан чанар гэсэн агуулгыг өмнөө багтаадаг. Хүний төрөлх чанар нь сайн сургаалт оюун ухаан буюу удирдах оюун санаа нь болно.
Даосизм нь м.э.ө VI-V зууны үед Эртний Хятадад үүссэн. Оросын эрдэмтэн В.Г.Иванов “Дао дэ цзин” дахь ёс суртахууны гол байр суурь, түүний мөн чанарыг: “Ёс суртахууны гол зорилго нь хувь тавилангийн замыг дагах, ёс суртахууны зарчим нь их үйлсийг бүтээхгүй байх, ард түмний аз жаргал нь овог аймгийн буюу тэгш эрхт харилцаанд эргэж орох, цэцэн ухаантны аз жаргал нь итгэл, найдвар, тайвшрал, байгальд ойр байх явдал “ гэж дүгнэсэн. /Тунгалаг.Д, Ёс зүй, 2002/
Даосизм нь Кунзын сургаалийг үл ойшоон, түүний ёс суртахууны үзлийг ард түмний эсрэг гэж шүүмжилж, өөрийн гол өрсөлдөгчөө гэж үзэж байв. Түүхэн товчооноос үзэхэд хятадын эртний соёл Кунзын сургаалтай нягт уялдаатай бөгөөд энэхүү үндэс суурь дээр боловсролын систем нь тогтож ирсэн. Кунзын сургаалаар бүх хүмүүс адилхан потенциалтай бөгөөд зөв хөгжүүлж чадвал ямар ч өндөр үр дүнд хүрч болно гэж үздэг.Хүмүүсийн хоорондын харилцааны асуудалд хүмүүжлийн асуудал гол байр суурь эзлэн гэж үздэг. Тиймээс тухайн үеийнхээ нийгмийн ёс суртахууныг шүүмжлэхдээ ирээдүйг биш, өнгөрснийг чухалчилж байв. Ёс заншлаа мэдэж, биелүүлж байгаагаар хүний хүмүүжил илүү харагдан гэж Кунз үздэг. Ёс заншил нь хүн үүргээ биелүүлэх, үнэнч шударга байх, хүнд итгэл үзүүлэх гадаад илрэл юм.Ёс суртахуун нь мэдлэгийн төвшингөөрөө ялгагдан нэмээн сургаалдаа өгүүлдэг,
Кунзын сургаал нь нилээд зөрчилтэй, янз бүрийн нөлөөлөлтэй байсан боловч, XIX зууны дунд үе хүртэл тогтвортой байж Хятадын соёл болоод ертөнцийг үзэх үзлийн үндэс болдог бөгөөд дэлхий нийтэд Хятад улсыг Кунзийн сургаалийнх нь хамтаар хүлээн авдаг,
1867 онд Хятадын ёс суртахууны уламжлалт аргууд нь өөрчлөгдөж Өрнөдийн философи нэвтрэх анхны сууриуд тавигдсан.
Орчин үеийн Хятадын амьдрал нь дэлхийн эргэн тойрон дахь амьдралаас тийм ч ондоо биш. Шанхай юмуу Бээжин гэх мэт урд зүгийн хотууд нь барууны соёлд илүү автсан байдаг. Хятад орны боловсролын систем нь баруун Европын орнуудынхыг бодвол илүү их дэг жаягтай, эртний ёс заншилтайгаа уялдаа холбоотой байдаг. Чөлөөтэй ил тод байдаг гэхээсээ илүү багш оюутнууд хоорондын харилцаа, хүндлэх ёс горимыг эрхэмлэдэг.
Хятадад оюутны авьяас чадварыг ихэд анхаардаг бөгөөд мэргэжлийн ёс зүйн практик талыг илүүтэй авч үздэг. Сургууль тус бүр хэд хэдэн сэтгүүл гаргаж, хүмүүс хоорондын харилцан ойлголцол, нийгмийн тухай сайтар бичиж, заавал мөрдөх ёс зүйн дүрмийг сэтгүүл сонин дээр энгийн нэгэн оюутны амьдрал дээр жишээ аван өгүүллэг маягаар бичээд нээлттэй хэлэлцүүлэг явуулдаг. Энэхүү хэлэлцүүлэг зөвлөмжид ухаалаг байдал, амлалтаа хэрэгжүүлэх явдал, хүн хүнээ хүндлэх явдал, шударга байдлыг ил биш далд санаагаар номлодог. Бүх хичээлүүд нь мэргэшлийн чадвар ямагт өндөр байх ёстойг ойлгуулдаг бөгөөд хичээлийн хөтөлбөрийн нарийн нягт нямбай бодож гаргасан байдаг. Орчин үеийн сонгодог аргуудыг байнга хэрэглэх, нэгэн хэвийн хэв маягаас зайлсийхийн ач тусыг сурталчилдаг. Хичээлийн хөтөлбөрт орсон хичээлийн сэдэвийг зүгээр нэг хүний санаагаар биш, нийгэмд үзүүлэх нөлөө, ач тусаар нь хамт олноор ярилцан хэлэлцэж тогтоогоод, уламжлал болгон цаашид авч явдаг. Сургууль бол оюутныг мэдээллээр ханган, хамт олон гэдэг ойлголтыг суулгаж өгдөг. Эвт шоргоолжны үүрний үлгэрийг санагдуулахуйц ажлыг байнга зохион байгуулдаг.
АНУ-ын оюутны ёс зүйн төлөвшил
Олон хүн АНУ нь эрх чөлөөний орон болохоор хүн бүр хүссэнээ хийж, ёс зүйн дүрэм журам, ёс суртахуун, зарчимгүйгээр аж төрдөг гэж боддог. Үнэн хэрэгтээ Америкийн соёл, ёс заншил, хөгжил дэвшил, соёл тэр тусмаа түүх, шашин, утга уран зохиол, хөгжим уран зураг нь хоёр хүчтэй уг сурвалжаас үүсэлтэй . Эртний өндөр хөгжилтэй буурал Европын Английн ёс заншил болон нутгийн унаган иргэдийн соёлын өв дээр тулгуурлагдан боссон энэхүү соёл нь өнө эртний гаралтай биш ч үндэсний өвөрмөц онцлог бий болгон, сүсэг бишрэл, ёс заншил, баяр ёслолын өдрүүдтэй, сургаж номхруулсан цагаачид, колончлол, гаалийн өндөр шалгалт гэх мэт олон зүйлийг бий болгосон. Европын эх газраас үүсэлтэй ардчилсан үзэл, христүүд, иргэний өршөөнгүй үзэлтнүүд нь өнөөгийн нийгмийнх нь дүр төрх болсон.
Ёс суртахууны боловсрол нь энэ нийгэмд олон нийтийн хамааралтай хамгийн том зүйл гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн. Хойч үеэ эх оронч үзэлтэй, хувийн сахилга баттай, арвич хямгач, үнэнч шударга байлгах нь маш их ач холбогдолтойг нийтээр хүлээн зөвшөөрсөн.
Америкийн олон эрдэмтэд хүн хүүхэд ахуй цагаасаа ёс зүйн ерөнхий зарчмуудыг өөртөө төлөвшүүлж , өөрийн амьдралын чиг шугамаа болгож чадвал цаашид энэ хүнд мэргэжлийн ёс зүй гэж нарийвчлан хичээл ороод байх хэрэггүй гэдэгтэй санал нэгддэг. Үнэнч сэтгэл бүрэлдэн тогтсон хүн ямар ч мэргэжлийн эзэн болж чаддаг хэмээн нотолцгоодог. Гэхдээ үнэнч байдлыг яг ингээд сургадаг гэсэн дүрэм байхгүй, харин хэрэв та жинхэнэ үлгэр жишээч иргэн төрүүлэхийг хүсэж буй бол өвөөгөөс нь эхэл гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үздэг. Энэ нь гэр бүлийн хүмүүжил, халамж анхааралаас бүгд эхэлнэ гэсэн үг.
АНУ-д ёс зүйн төлөвшил нь сургуулиудын маргаантай асуудал үргэлж хэвээр байсан ч сүүлийн жилүүдэд аргачлал болон агуулга нь үргэлж өөрчлөгдсөөр байна.
Америкт 1-6-р ангид , дунд сургуулийн 7-9 ангид ёс зүйн хичээл нь тусгай хичээл болон ордог. 1-р ангид хичээлийн 34 цаг , 2-9 ангид 35 цаг заагддаг. Энэ нь жилд үзэх нийт хичээлийн 3.4-4% эзэлдэг гэсэн үг. Ёс зүйн хичээл заах гол зорилго нь сурагчдад ёс суртахууны мэдлэг олгох,ирээдүйд зөв хүн болгож хүмүүжүүлэх явдал юм. Хичээлийн хөтөлбөр нь дөрвөн үндсэн гол хэсгээс бүрдэнэ.
· § Бие авч явах байдал.
· § Өөрийнхөө хийж чадах зүйлийг өөрөө хийх /3-4 анги/
· § Ажилч хөдөлмөрч байх /1-2 анги/
· § Бусдын хийсэн зүйлийг магтаж урамшуулах /3-4 анги/
· § Амьдралыг сайн сайхнаар үзэх үзэл /3-4 анги/
· § Эрх чөлөөг эрхэмлэх /5-6 анги/
· § Эмх цэгц, дэс дараалалтай байх /5-6 анги/
· § Өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах /5-6 анги/
· § Хайр энэрлийг эрхэмлэх /7-9 анги/
· § Бусадтай харилцах
· § Бусдыг ойлгож, мөн өөрийнхөө зөвийг ойлгуулах /7-9 анги/
· § Бусадтай эелдэг, найрсаг харьцах /5-6 анги/
· § Үнэнч байж бусдад тусалж нөхөрлөлөө эрхэмлэх /3-4 анги/
· § Бусдад үргэлж талархлаа илэрхийлж байх /3-4 анги/
· § Бусдын үзэл бодлыг хүндэтгэх /5-6 анги/
· § Байгалтай харьцах
· § Эргэн тойрныхоо байгаль, ан амьтан, ой ургамлыг хүндэтгэх /1-2 анги/
· § Амьтай зүйлүүдийг хайрлах /3-4 анги/
· § Ой, ургамал, ус, агаар, ан амьтан, байгаль дэлхийгээ сүйтгэснээс гарах хор уршигийг ойлгуулах /5-6 анги/
· § Хүн төрөлхтөн араатан амьтнаас хүчтэй биш ч илүү ухаантайг ойлгуулах /7-9 анги/
· § Нийгэм болон бүлгүүдтэй харьцах
· § Нийгэмд өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах/5-6 анги/
· § Хүн болгонтой тэгш харьцах/5-6 анги/
· § Амлалтаа биелүүлж байх/5-6 анги/
· § Багаараа ажиллах чадвартай байх/5-6 анги/
· § Ажлын амтыг мэдрүүлэх/1-4 анги/
· § Гэр бүлийн гишүүд, найз нөхөд, багш нараа хүндэтгэн тэдэнд туслах/1-2 анги/
· § Нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах/5-6 анги/
· § Өөрийн улс орны түүх, ёс заншил, соёлоо хүндэтгэх/5-6 анги/
· § Бусад орны соёлыг хүндэтгэх/5-6 анги/
Америкийн дунд сургууль , коллеж, их сургуульд ёс зүйн хичээл заадаг. Гэхдээ оюутан мэргэжлээ сонгоогүй байхад нь ёс зүй нь бүрэлдэн тогтсон байдаг тул мэргэжлийн ёс зүй нь энэ нь юм шүү гэдгийг л их дээд сургуульд нь цэгцэлж өгдөг аж. Боловсролын гол цөм нь хүмүүжил гэж үзэх болсон. Ихэнх коллеж, их дээд сургуульд хүмүүжил, мэргэжлийн ёс зүй гэсэн хичээл байдаггүй ч нийгмийн шинжлэх ухааны хичээл дээр тодорхой сэдэв болгон оруулдаг байна. Харин мэргэжлийн ёс зүйг үндсэн хичээл дээр сэдэв болгон оруулдаг байна.
Өнөөгийн нийгэмд нийгмийн онцлог бүрэн тусгагдсан ёс зүйг төлөвшүүлэн бий болгох нь хамгийн хойшлуулшгүй зорилт хэмээн нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн. Олон тооны хүмүүс хойч үеэ эх оронч үзэл, хувийн сахилга бат, арвилан хэмнэлт, үнэнч шударга байдалд суралцсан ёс зүйн өндөр боловсролтой иргэд болгохыг хүсэх болсон. Уламжлалт, нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хичээлийг тодорхой үе шаттайгаар, нийгмийн ухааны ангиудад заавал ордог аж. Харин мэргэжлийн ёс зүйн хичээлийг ихэнх сургууль үндсэн хичээл биш, нэмэлт хичээл хэлбэрээр авдаг. Оюутан бүрт нэг нэг хэлэлцүүлэг явуулах сэдэв хувиарладаг бөгөөд оюутан тэр сэдвийн дагуу баримт, материал, онол цуглуулан асуудал дэвшүүлсэн асуулга бэлтгэн ангийнхан дундаа хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Мэргэжлийн ёс зүй хэмээн ярьж, хичээл заадаг багш бүх талаараа үлгэр жишээ авахуйц байх шаардлагатай гэж үздэг. Мөн энэ их дүрэм журам, дэг жаяг амьдрал дээр яагаад хэрэгтэй байдгийг бодит жишээн дээр гаргаж өгөх хэрэгтэй. Мөн заавал уншиж судалсан байх шаардлагатай номын жагсаалт гаргаж өгдөг.
Анагаахын сургуульд заагддаг мэргэжлийн ёс зүйн хичээл нь хуулийн сургуульд заагдсан мэргэжлийн ёс зүйн хичээлээс илүү биш байна. Албан сургалтаар долоо хоногт 6 цаг ордог байна. Зарим эрдэмтдийн тооцоогоор хуулийн сургууль, анагаахад л мэргэжлийн ёс зүй заах нь зүйтэй гэж үзэж байсан ч бизнесийн чиглэлийн сургуульд эртээс заагдаж ирсэн байсан бөгөөд энэ нь дээрх хоёр сургуульд зааснаас илүү ярвигтай болох нь тогтоогдсон. Учир нь бизнес хийж буй хүн ашгийн хойноос явдаг бөгөөд ямар ч хамаагүй үнэ цэнээр амжилтанд хүрэх тэмүүлэл их байдаг аж. Ашиг хөөцөлдөхдөө ёс зүйг эрхэмлэж, бусдыг гутаан доромжилж, дорд үзэхгүй байхыг заадаг. Бизнесийн ёс зүй гэсэн хичээл заавал ордог бөгөөд нэг семестрийн хугацаанд мэргэжлийн ёс зүй н хичээл долоо хоногт 4 цагаар ордог. Нийгэмд ёс зүй ямар шаардлагатай талаар түлхүү оруулж өгөөд үүний суурин дээр бизнесийн ёс зүйг оруулж өгдөг.
Зарим мужид мэргэжлийн ёс зүйн тухай тусгай хичээл болон ордоггүй ч эдийн засаг, нийгэм судлал, улс төрийн хичээлд дэд сэдэв болгон оруулдаг. Дээрх гурван хичээлд мэргэжлийн ёс зүйн талаар 10 цагийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн талаар ордог.Сэтгүүл зүйн сургуульд 3 сарын турш долоо хоногт нэг цагаар мэргэжлийн ёс зүйн хичээл ордог.
Хувь хүн үнэнч л байх хэрэгтэй гэсэн ухамсарыг бүх нийгмийн ухааны болон эдийн засгийн хичээл дээр суулгаж өгөх бодлого баримталдаг.
Оюутан бүрийн ухамсарт мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголтыг нийт суралцах хугацаанд нь албан болон албан бус замаар сургууль нь суулгаж өгдөг аж. Мөн ямар ч ажил толгойноос илүү зүрхээр хийгддэг гэдгийг ил болон далд аргаар ойлгуулдаг.
Ханын самбар, цуврал лекц, хэлэлцүүлэг, сэтгүүл, сонин, нийгмийн ёс зүй болон мэргэжлийн ёс зүйн тухай сургалтын киногоор дамжуулан оюутанд нөлөөлдөг.
Мэргэжлийн ёс зүйг заах гол зааварчилгаа нь сэдвийг жишэээн дээр сайтар тайлбарлах явдал байдаг. Жишээ нь урт богино, бодит эсвэл зохиомол, техникийн болон техникийн бус байж болох бөгөөд үзүүлэн таниулах материал цаасан хэлбэрээр, онлайн, мультимедиа, эсвэл DVD хэлбэрээр ч байж болно. Зарим материалыг ном, хэвлэл, өгүүллэг, нягтлангийн тайлан, архивын анхан шатны номноос баримтат жишээ татах маягаар авдаг.
Янз бүрийн мэргэжлийн холбоод өөрийн холбооны дэргэд вэб сайт ажиллуулан, чөлөөт хэлэлцүүлэг явуулж, энэхүү чиглэлийн бүтээл тавьдаг байна. Жишээ нь “Center for the study of Ethics in the professions”-ийн сайтад 850 аас илүү материал хадгалагддаг байна. Дэлхийн хэмжээнд гарсан том ослуудын 90% нь техникийн буруугаас биш хүний буруутай үйл ажиллагаанаас болдог гэдгийг баталсан судалгааны дүнг кино болгон бодит баримтаар харуулдаг аж. Энэ нь ёс зүй яг тийм байна гэсэн заавал биелүүлэх хэм хэмжээ гарган ирээдүйн сэхээтнүүдэд сургана гэсэн үг биш. Нарийн мэргэжил эзэмшүүлж буй их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрийн 70% нь л сонгосон мэргэжлийнх нь хичээл байдаг бөгөөд 17% нь нийгмийн ухааны хичээл байдаг. Бүх сургалтын материалыг аккредацид оруулдаг .
Мэргэжлийн ёс зүйг а / ёс зүйн мэдрэмжийг дээшлүүлэх б /нийгэмд биеэ зохимжтой авч явах мэдлэг в /ёс зүйн хууль дүрмийн мэдлэг олгох г/ ёс зүйн хүчийг мэдрүүлэх зорилгоор заадаг гэж Дэвис 1996 онд бичсэн.
Мэргэжлийн ёс зүйн түлхүүр нь “ мэргэжлийн хариуцлага” бөгөөд энэ нь ёс зүйн хариуцлага нь тусгайлсан нэг мэргэжлийн мэдлэгийн суурин дээр тулгуурлан гэсэн үг .
Ёс зүйн хариуцлага гэдэг нь даруу төлөв ,үнэнч, амьдралын үнэн зөв байдлаас илүүтэй ойлголт юм. Энэ нь гэнэтийн зайлшгүй тохиолдолд мэргэн санаа гаргахаас илүүтэй. Бидний хүлээсэн үүрэг бол энэхүү хурдан хөгжиж буй технологийн эрин зуунд хүнд хэцүү ажлын шийдвэрлэх сонголт хийхэд бэлэн байх явдлыг сургах явдал гэж америкчууд үздэг.Үүнтэй адил төстэй шүүмжлэлийг Вандэрбург /1995/, Ладд /1980/, Хэркэгт/2000/ , Линк /2000/, Вүүдхаус /2001/ онд өгсөн.
Мэргэжлийн ёс зүйг сургахдаа уламжлалт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болон ёс зүйн онолыг хослуулан заадаг. 1994 онд Юнгэр ёс зүйн хэм хэмжээний ашиг тусын чухлыг хэлсний зэрэгцээ хэмжээ хязгаартайг нь хүлээн зөвшөөрсөн.
Бүх мэргэжлийн хувьд мэргэжлийн ёс зүй чухал шаардлагатай ч нийгэм дэх чухал байдлаараа харилцан адилгүй. Зарим нь арай өндөр түвшинд байхад зарим нь арай доогуур түвшинд байх жишээтэй. Жишээ нь эмч хүн өвчтөнд анхаарал тавьж байгаагаа илүү үзүүлэх шаардлагатай байхад агроном ногоо хайрлаж байна гэж яриад явалгүй , харин эрүүл хүнс бэлтгэх шаардлагатай байх жишээний.
Сүүлийн 20 жилд мэргэжлийн ёс зүйн ойлголтонд олон зүйл өөрчлөгдсөн. Мэргэжлийн сургалтанд ёс зүй болон нийгмийн хариуцлагын талаарх мэдээлэл өссөн. Нийгмийн хөгжлийн дагуу үйлдвэрлэлийн технологи өөрчлөгдөхийн хирээр сургалтын стандарт ч өөрчлөгдөж ирсэн. Өөрөөр хэлбэл техникийн бүрэн мэдрэмж, ёс зүйн мэдрэмж хоёулаа хөгжсөн өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн нийгэмд шаардлагатай болсон.
БНСУ-ын оюутны ёс зүйн төлөвшил
Эртний Солонгос ардын үгэнд “Хэн нэгэн хүн, хэн нэгэн хүний багшийн сүүдэр дээр бүү гишгэ”, “Гурван хүн зэрэгцэн суухад нөгөө хоёр хүн, над ёс зүйн үлгэр дууриал болдог” гэсэн байдаг нь бусдын үзэл бодлыг хүндэлж, эрдэм мэдлэгтэй хүнийг ямар ч тохиолдолд хүндэтгэж яв гэсэн санаа эхний зүйр үгэнд байгаа бол дараагийн зүйр үгэнд нийгэм тэр чигтээ ёс суртахууны тусгал бөгөөд хүн бүр бусдад сайн муу аль аль үлгэр дууриал үзүүлдэг тул сайныг хичээж амьдрах хэрэгтэй гэсэн үг бөгөөд энэхүү хоёр зүйр үгэнд Солонгосын ёс суртахууны үндсэн агуулга, утга санаа оршдог.
БНСУ-ын нийгэмд зүүн Азийн болон Өрнөдийн ёс зүй зэрэгцэн оршдогоос гадна Күнзийн сургаал, Таоизм болон Буддагын сургаал олон ёс заншилд нь үлдсэн байдаг. Хичнээн Солонгосын сургалтын системд орчин үеийн аргачлалт өөрчлөлт орсон хэдий ч дээр үеийн сургамжууд одоо хир байсаар байна.
Солонгос улсад мэргэжлийн ёс зүйг ёс зүйн гэрээ, нийгмийн гэрээ, мэргэжлийн этикет гэсэн гурван багц ойлголтоор авч үздэг. Хүмүүжилтэй холбоотой сурах бичгийг зөвхөн Боловсролын Яамнаас батлан бүх шатны сургуульд жигд нэг сурах бичгээр заадаг бөгөөд үүний үр дүнд бүх оюутан, сурагч хүмүүжлийн жигд нэг урсгалд орох бололцоо бүрддэг. Өмнөх Засгийн газрын хүмүүжлийн бодлогыг хэт буруушаах чиг хандлага зарим үед давамгайлах шинжтэй болж ирдэг гэж зарим эрдэмтэд нь шүүмжилдэг,
Нийгэмд тулгарч байгаа аливаа асуудал хэн нэгний амин сонирхлын үүднээс бус бүх нийтэд адил тэгш үйлчлэх, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг Солонгосын албан хаагч нарт Засгийн газраас нь тавьдаг. БНСУ-ын боловсролын салбарт тавигдах шаардлага маш өндөр бөгөөд хүлээх хариуцлага ч мөн адил өндөр байдаг. Мэргэжилтэн нарт дараахь шаардлага тавьдаг. Үүнд:
· Бусдын эрх зөрчихгүй байх
· Харилцааны өндөр соёлтой байх
· Хариуцлага хүлээх чадвартай байх
· Тал бүрийн өргөн мэдлэгтэй байх
· Нийгмийн идэвх сайтай байж бусдад үлгэр дууриал болох
· Хийж буй ажил нь хуулийн хүрээнд байх гэх мэт шаардлагыг тавьдаг.
1945 оноос 50 гаруй жилийн турш ёс зүйн боловсрол олгох хичээлийн агуулга хэд хэдэн удаа өөрчлөгдсөн.
· Анхны ёс зүйн хичээлийг 1954-1963 онд БНСУ-ын Боловсролын яамнаас батлагдсан журмын дагуу зааж эхэлсэн бөгөөд ёс зүйн боловсрол нь иргэний боловсролд чиглэсэн байсан.
· 1963-1973 онд ёс зүйн хичээл социализмын нөлөөг эсэргүүцэх, эдийн засгийг сэргээх, үндэсний уламжлалыг сэргээхэд чиглэгдсэн байсан.
· 1973-1982 онд ёс зүйн хичээл бага, дунд сургууль болон дээд сургуульд гэсэн гурван үндсэн чиглэлээр орох болсон.
· 1982-1987 онд уг хичээл заах арга бүрэн шинэчлэгдсэн бөгөөд хэлэлцүүлэг хэлбэрээр хичээл заагдах болсон.
· 1987-1998 онд амьдралын ардчилсан байдал илүү тусгагдах болсон.
· 1992 оноос өнөөг хүртэл хүнлэг байдал, итгэл үнэмшил, ёс зүйн хүмүүжлийн үндсэн төлөвшил олгогдоход чиглэсэн. Энэ үеэс Солонгос улсын нэгдэл ба Солонгос улс нэгдсэний дараа гэсэн хоёр үеийн амьдралын зорилгыг тусгайлан заах болсон.
Бага сургуульд зөв амьдрах талаар сургах нь гол зорилго нь бөгөөд долоо хоногт хоёр удаа жилд 60 цаг ёс зүйн хичээл ордог. Энэ хичээлээр нийгмийн хууль дүрмийг мөрдүүлэх зорилгоор хүүхдийг үргэлжлүүлэн тасралтгүй дадлага хийлгэн, үлгэрлэн зааж оюун ухаанд нь суулгаж өгдөг. Ахмад хүнтэй хирхэн мэндлэх, харилцах, найз нөхөдтэйгээ харьцах, найз нөхөрлөлөө хадгалах, нийтийн өмчинд хандах арга, хог хаягдал хаях зэргийг заахаас гадна бусдад ямар аргаар туслахыг заадаг. Мөн эх орон, төрсөн нутаг гэсэн ойлголтыг ухамсарт нь сайтар суулгаж өгдөг.
Дунд ангид долоо хоногт нэг цагаар ёс зүйн боловсролыг олгогч академийн бага хурал ба зөвлөлгөөнөөс батлагдан гарсан сурах бичгийн дагуу ёс зүйн хичээл заагддаг. Боловсролын системийн агуулганд нь хүн төрөлхтөний ёс зүй болон тэдгээрийн заах арга механизм багтсан байдаг.
Ёс зүйн боловсролыг энэ талаар боловсролын яамнаас зохион байгуулсан тусгайлсан сургалтад суусан, лиценцтэй багш заадаг. Энэ үед нь өв уламжлалаа хирхэн хадгалан үлдэхэд чиглэсэн хичээл заагддаг. Бид юуг буруу, зөв гэх вэ гэдгийг мэдэхгүй бол зөв хүмүүжлийн мэдрэмж байхгүй болно. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээ, давуу талыг шууд өвлүүлэх нь чухал байдаг. Оюутныг ятган ухуулах байдлаар нийгмийн норматив шаардлагад нийцүүлсэн байдлаар андгай амлалт авах байдлаар хүмүүжүүлдэг.
Ахлах ангид хүний зан байдалд нөлөөлөх ерөнхий санаа, оюутан илтгэл тавих хэлбэрээр явагдах хэлбэрт тулгуурласан хичээлийг тусгай зөвшөөрлийн лиценцтэй багш заана. Энэ хичээлээр өдөр тутмын амьдралд тохиолдох ёс суртахууны зөрчлийг шийдвэрлэх чадвартай болдог аж. Амьдралын бодит байдалд тулгуурлан хичээл заагдах ба ёс суртахууны биеэ даасан байдалд үндэслэн тэдэнд тусгайлсан даалгавар өгөн өөрсдөөр нь шийдүүлэх байдлаар заагддаг.
Их дээд сургууль төгсөн гарсны дараа мэргэжилтэн нар хоорондоо ажил хэргийн талаар мэтгэлцэх, зөрчилдөх явдал олонтоо гардаг. Ялангуяа аливаа асуудлыг сайжруулан өөрчлөхөд энэ нь маш их ач холбогдолтой боловч заримдаа зөрчил хурцдан муу зүйлд хүргэх зэрэг зайлшгүй тохиолдох олон зүйлд асуудлыг хэрэхн зохицуулах вэ гэдгийг бодит жишээн дээр дадлага хийлгэх маягаар үзүүлэх хичээл байнга заагддаг, Албан хаагч зохимжгүй хувцаслан, ёс суртахуунгүй бүдүүлэг аашлах, эрх мэдлээ буруу ашиглах, буруу зүйлд сэжиглэгдэх, аливаа ажил хэрэгт дур зоргоор аашлан шийдвэр гаргах нь байж болохгүй зүйл гэж тооцогддог бөгөөд үүнийг нийгмийн ухааны хичээлээр нь хуулийн хүрээнд заан сургаж зохих бичиг баримтуудтай нь танилцуулдаг. Албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэж мэдсээр байж хүний биед халдах, алан хядах ажиллагаанд оролцох, сэтгэл санаагаар дарамтлах, авилгал авах гэх мэтийн хууль бус үйлдэл гарах тохиолдол бий бөгөөд Үүнд Солонгос улсын засгийн газар болон боловсролын яамнаас тухайн албан хаагчийг ажлаас халах, онцгой тохиолдолд ял эдлүүлэх арга хэмжээг нийтийн өмнө ил тодоор авч нийгэмд, хамт олонд нь жигшүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.
Аливаа оюутан тодорхой чиг шугамыг баримталсан, сурч буй сургуулийнхаа дотоод журмыг сахиж, багш сурган хүмүүжүүлэгчдийгээ хүндлэн бусад оюутнууддаа үлгэр дууриал болохуйц төлөвшлийг өөртөө бий болгосон байх шаардлагатай гэж үздэг.
БНСУ-ын Засгийн газраас оюутнуудын мэргэжлийн ёс зүйн төлөвшилд анхааран сайт ажилллуулдаг бөгөөд уг сайтын зөвлөлд БНСУ-ын шилдэг оюутан 1, засгийн газраас 1 төлөөлөгч, бүх сургуулиудын удирдах зөвлөлийг төлөөлж 1 доктор ажилладаг. Оюутны ёс зүйн үүрэг хариуцлага, сурч буй мэргэжлийнх нь талаарх мэдээлүүд сайтад байрласан байдаг. Мөн оюутнуудын чөлөөт цагийг үр бутээлтэй өнгөрөөх зорилгоор ёс зүйн талаарх санал асуулгыг 7 хоног бүр явуулдаг. Аливаа асуудлын талаар мэргэжлийн зөвлөх докторуудтай чөлөөтэй санал бодлоо хуваалцах боломжийг олгодогоороо давуу талтай. Удирдах зөвлөлөөс оюутнуудад дараахь шаардлагыг тавьдаг.
· Хүний эрхийг хамгаалах үйлст нэгдэх
· Ёс зүйн дутагдлыг олж илрүүлэх, түүнтэй тэмцэх
· Сайн дурын байгууллага, оюутны холбоотой хамтарч ажиллах
· Зохион байгуулсан бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг болно.
Мөн их дээд сургуулийн удирдлагуудад оюутны явуулж буй үйл ажиллагааг дэмжих,ёс зүйн хяналт шалгалт ямар түвшинд байгааг төлөөлөгчөөрөө дамжуулан уламжилдаг. Мөн дэргэдээ ёс зүйн хороо ажиллуулдаг. Харин бүх үйл ажиллагааг төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага дор оюутнууд өөрсдөө явуулдаг. Мэргэжлийн ёс зүйг сайтар төлөвшүүлэхийн тулд зохиогддог ажлыг жагсаавал: Уран зохиол болон түүхээр дамжуулан хүмүүжлийн сайн төлөвийг харуулах, сурах бичгийн тусламжтайгаар хүмүүжлийн тухай эх зохиол бие даан уншуулах даалгавар өгөх, жижиг бүлэг болгон, асуудал шийдвэрлүүлэх даалгавар өгч, өөрсдөр нь шийдвэр гаргуулах, асуулт болон хариултаар хүмүүжлийн ярилцлага зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс үүдэн гарсан хэргийн тухай материал бэлтгэн оюутан сургачдын хүртээл болгох, ёс зүйн сэдэвтэй жүжигчилсэн тоглолт бэлтгэх, аудио материал ашиглах, зохион бичлэг бичүүлэх зэрэг болно. Солонгосын оюутан залуусыг Европын орнуудын оюутнуудтай харьцуулбал ёс зүйн төлөвшил сайн гэж үздэг.
Дүгнэлт
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь ёс төдий бус хэрэгжих бус өнөө үе, хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэн, амьдрах чадвартай байх хэрэгтэй юм. Ёс зүйтэй байсны давуу талууд нийгэмд их байдаг. Мэргэжлийн ёс зүйг мөрдсөнөөр ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл багасахад нэмэр нөлөөтэй.
Мэргэжлийн ёс зүйн төлөвштл зөвхөн ярих хэлэх төдийд зохицуулагддаг асуудал биш бөгөөд цэцэрлэг, сургуулийн наснаас нь системтэй арга хэмжээ авснаар төлөвшиж эхэлдэг гэдгийг жишээ татан авсан орнуудын туршлагаас ил байна.
3 comments:
Шоудаж, сургуулийн жорлонд тамхи татдаг монгол оюутнуудад ёс зүйг хэрхэн төлөвшүүлэх вэ? Та энэ талаар асуудлыг дэвшүүлж бүр анхан шатны боловсролоос нь эхэлж өөрчлөлт хийх шаардлагатай бол санал боловсруулж БСШУЯ-д дэвшүүлбэл ямар вэ?
Үнэхээр чухал зүйлс бичжээ. Би өөрөө гадаадын сургуульд ёс зүйн асуудлаар Магистр хамгаалсан юмаа. Би ч энд жишээ татсан орнуудын адил ёс зүй, хүмүүжлийн асуудлыг хүнд хар багаас нь төлөвшүүлэх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Монголын насанд хүрсэн иргэд ямар ч хүмүүжилгүй байхад ирээдүй үе нь яаж хүмүүжих юм бол гэж байнга харамсдаг. Нэгэнт бүх талаараа төлөвшчихсөн хүмүүст юу ч хэлээд ойлгохгүй гэдгийг бий ухаарсан учраас энэ чиглэлээр ажиллах сонирхол байхгүйээ.
Баярлалаа. Маш хэрэгтэй чухал сэдэв байна.Эх сурвалжаа оруулж өгөөч
Post a Comment