2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39
ШУА-ийн ФСЭЗХ, доктор /Ph.d/ М.Золзаяа
Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд
- Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө.
- Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно.
- Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.
Буян, нүглийн болоод сайн муугийн талаар аль ч шашинд сургадаг бөгөөд энэ нь мөн ёс зүйн судлагдахуун болдог. Гэхдээ эдгээрт хүрэх арга замыг шашнууд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Германы сонгодог философийн төлөөлөгч И.Кант “Шашин ёс суртахуунд үндэслэдэг” гэсэн бол Австрийн сэтгэлзүйч З.Фрейд “Ёс суртахуунгүй зүйл бүх л үеийн турш оршсоор харин ёс суртахуунтай чанар шашинд үндэслэдэг” хэмээсэн билээ. Дээрхийн гэгээн XIV далай лам “Шашин ёс суртахууны үндсэн зарчмуудыг бүтээхэд бидэнд туслаж чадна. Гэхдээ бид шашинд хандалгүйгээр ёс зүй болон ёс суртахууны талаар ярьж чадна” гэжээ. Энэ нь ёс зүйн аливаа асуудлыг шийдэхэд шашныг зориуд анхаарах ёстой эсвэл шашин өөрөө аяндаа үүнд холбогддог гэсэн утга юм.
Монголын боловсролын түүхэнд бурханы шашны тэр дундаа ёс зүйн боловсрол нь гол байр суурь эзлэх учиртай гэж бид үзэж байна.
Манай өвөг дээдэс Энэтхэг, Төвдийн шашин соёлын сонгодог өв сан болох “Эрдэнийн сан субашид”, “Барамидын магтаал”, “Бодь мөрийн зул”, “Бодь мөрийн зэрэг”, “Модны шастир, Усны шастир”, “Орчлонгийн сав шимийн дуулал”, Нагаржунагийн “Ардыг тэжээхүй дусал” зэрэг олон арван ёс зүйн сургаалыг XIV зуунаас хойш орчуулж тайлбарлан бидний үед уламжилжээ.
Ялангуяа бурханы шашны гуравдугаар дэлгэрлээр өрнөсөн Монголын “сэргэн мандал” нь нийгмийн оюун санааны амьдрал, тэр дундаа ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Учир нь сүм хийд бүрийн дэргэд шашны сургууль дацангуудын бүтээн байгуулалт өрнөж, ёс зүйн сургаалын зохиолын тоо ч урьдынхаас нэмэгдэж байжээ. Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлээс эшлэсэн, дууриасан ёс зүйн сургаалыг монгол эрдэмтэн лам нар төвд хэлээр зохиох нь олонтой болж байсан нь ихэс дээдсээс эхлээд эгэл жирийн олонд бурханы шашны ёс зүйн сургаалаар дамжин түүний зан үйл, номлол түгэн дэлгэрэхэд хүргэжээ. Үүнээс үзэхэд бурханы шашны ёс зүйн боловсрол нь хүрээ хийдээс гарч ардын зүйр цэцэн үг, үлгэр, домог, цээрлэх бэлгэдэх ёстой эвцэлдэн монгол хүний оршихуйд асар их үүрэг гүйцэтгэснийг гадаад, дотоодын олон судлаачид тэмдэглэжээ. Ийм баялаг уламжлалтай атал сүүлийн үед манай нийгэмд ёс суртахууны сөрөг үзэгдэл ихэсч, үүнийг засаж залруулах талаар ярихаас биш хийж хэрэгжүүлэх нь дутаж буйг хэн хүнгүй мэднэ.
II
Ёс суртахууны доройтол глобаль асуудлын нэг. Шинэ мянганы боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ шаардлага төдийгүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлага.
1994 онд ФСЭХ-ээс явуулсан “Улс орны амьдрал олон түмний санал бодолд “ судалгаагаар монголчуудын зан чанарт гарч буй өөрчлөлтөд хүмүүсийн хандах хандлагыг илрүүлэх зорилгоор 12 шинжийг 700 хүнээр үнэлүүлэхэд хөдөлмөрч, арвич хямгач, соёлч, дэг журамтай байх шинж хамгийн доогуур үнэлгээ авч байв. 2008 онд явуулсан “Соёл урлагийн салбарын хөгжил” социологийн судалгаанд оролцогчид /1800 хүн/ монголчуудад дэг журамтай, хариуцлага, үнэнч шударга зан төлөв илүү дутагдаж байна гэж үзжээ.
ФСЭЗХ-ээс 2010 оны 5 дугаар сард явуулсан “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл” сэдэвт экспертийн судалгааны дүнгээс үзэхэд ёс суртахууны сөрөг үзэгдлийг доголдол, хямрал, доройтол, уналт гэсэн нэр томъёонуудаар илэрхийлжээ. Үүнээс 38 хувь нь ёс суртахууны доголдол, 32 хувь нь хямрал, 32 хувь нь доройтол, 22 хувь нь уналт гэж тус тус үзжээ.
Мөн монголчуудын ёс суртахууны сөрөг тал нь нийгмийн бүх бүлэг, давхраанд гэхдээ өөр өөрийн өвөрмөц онцлогтой, харилцан адилгүй хэлбэртэй илэрч байгаа гэсэн үзэл бодол тэдний дунд давамгайлах хандлагатай байлаа. Үүний дотроос нийгмийн доод давхрааныхан, ядуучууд, боловсрол багатай, мэргэжилгүй хүмүүс, шилжин ирэгсэд, хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд, ялангуяа оюутнуудын дунд ёс суртахууны доголдол, дутагдал илүүтэй байгаа бол, нийгмийн дээд /бас дунд/ давхрааныхан, төрийн дээд байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид, УИХ-ын гишүүн, Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаанд, улс төр, бизнесийн хүрээнийхэний дотор ёс суртахууны уналт, доройтол илүү тохиолддог гэж үзсэн байна. Харин нүүдлийн уламжлалт соёлыг тээж яваа малчдын дунд ёс суртахуунгүй үзэгдэл харьцангуй бага гардаг гэж нилээд хэдэн шинжээч онцлон тэмдэглэжээ. Ийнхүү сүүлийн 15 жилд Монголчуудын дэг журам, хариуцлага сайжраагүй төдийгүй, шударга ёс улам бүр алдагдсаар байгааг судалгааны дүн харуулах болов.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Киотиро Мацуура нэгэнтээ “Шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэхэд холбогдсон асуулт яг ч шинжлэх ухааны асуудал биш байг. Тэглээ ч баян ба буурай орнуудын боловсролын түвшний хооронд өнөөдөр гарчихаад байгаа ангал бол ёс зүйн багагүй ноцтой асуудал мөн” хэмээн хэлжээ.
III
Эдгээр судалгаанаас үзэхэд ёс зүйн боловсрол бол насан туршийнх бөгөөд манайд бүх нийтийн ёс зүйн боловсролд анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна. Энд янз бүрийн арга зам бий боловч сэдэвт холбогдуулан хэдэн зүйлийг тэмдэглэе.
1/ Буддын ёс зүйн орчин үеийн онолын бүтээлийг орчуулах, нарийвчлан судлах нь манай судлаачдын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Сонгодог сургаалын зохиолын агуулгыг эдүгээчлэн тайлбарлаж, өнөөгийн нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах нь зүйтэй юм.
2/ ШУА-ийн ФСЭЗХ-ээс эрхлэн 2006-2007 онуудад явуулсан “Өнөөгийн нийгмийн хүмүүсийн амьдрал, соёл, санаа бодол” судалгааны Та ямар шашин шүтдэг вэ? гэсэн асуултанд 89.2 орчим хувь нь буддын шашин шүтдэг, харин шашин шүтдэг шалтгаанаа 55.9 хувь нь гэр бүл, эцэг өвгөдийн шүтээн учраас, 38.3 хувь нь өөрийн итгэл бишрэлээр гэж хариулсныг доктор О.Сарантуяа “монголчуудын амьдрал, ёс заншил, сүсэг бишрэлд байр сууриа баттай эзэлсэн хэвээр буйг харуулж байна” хэмээн дүгнэжээ . Энэ нь түүний ёс зүйн сургаал, мэдлэг иргэдийн ёс суртахууны хүмүүжил, төлөвшилд үр нөлөө үзүүлэх ихээхэн бололцоотойг харуулж байна. Манайд буддын ёс зүйг олон түмэнд таниулан сурталчлах ажил хоцронгуй байгаад шүүмжлэлтэй хандаж, энэ шашны үзэл сургалыг танин мэдэхүй, ёс зүй, сүсэг бишрэлийн үүднээс цогцоор нь таниулвал хүнлэг, шударга, ёс суртахуунтай иргэн төлөвших, уламжлалт соёлоо хадгалж үлдэх, хүний хөгжил, эко системийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
3/ Өсвөр үеийнхэн, залуучуудын дунд илэрч буй зан суртахууны доголдол, гажуудлыг засаж, арилгахад шашны (үндэсний) хүчин зүйлийг ашиглах нь зохистой гэж зарим судлаачид үздэг. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ? гэсэн асуултад 36 хувь нь шашин бол нэг л арга, үр нөлөөтэй ч авах гээхийн ухаанаар хандахыг, 24 хувь нь үндэсний бурханы шашин нэн чухал үүрэгтэй гэж хариулжээ.
Мөн Шашны янз бүрийн урсгалын сургаал нэрийдлээр олон түмний итгэл үнэмшилд хоосон орон зай үүссэн. Иймээс бурханы шашны сургаалыг энгийн ойлгомжтой тайлбарлан сурталчлах нь өгөөжтэй, Бурханы шашны лам хуврага нар мэргэшиж, өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй, манай хүүхэд залуучууд шүтэж байгаа шашныхаа мөн чанарыг хэр танин мэдэж байна вэ? гэдэг эргэлзээтэй гэж үзсэнийг анхаарах ёстой.
4/ Шашны болон ёс зүйн социологийн нарийвчилсан судалгаанд үндэслэн цаашид хэрхэх талаар асуудлыг боловсруулан үе шаттай ажиллах нь зүйтэй. Харин энгийн ажиглалтдаа дулдуйдан ярьж бичих нь үр дүнгээ өгөхгүй байна. Тухайлбал, нийгмийн ямар бүлэг давхрааныханд зориулах, ямар эх сурвалжийг сонгох, сургалтын ямар арга, хэлбэр ашиглах, бусдын туршлага судлах гээд нарийн дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай. Бурхан Будда өөрийн сургаалыг жирийн сүсэгтэнд бол шашин юм (дагаж мөрдвөл зохих зүйл юм), их мэргэдүүдэд бол тогтсон таалал (философийн үзэл баримтлал) юм гэж хэлсэн хэмээн “Ланкаватара” сударт заасан байдаг. Энэ асуудал цаашлан Их хөлгөний судрууд, Нагаржуна зэрэг том сэтгэгчдийн бүтээлд туссан билээ. Ингэхээр бурханы шашны сургаалыг сонсогчид, сүсэгтнүүдийн сэдэлжилтийг оношлох нь их чухал юм.
Илтгэгчийн хувийн ажиглалтаар бол их, дээд сургуулийн Философийн хичээлийн “Эртний Энэтхэгийн философи”, “Шашны философи”, “Шашны ёс зүй” сэдэвт семинар дээр оюутнууд христос шашны түүх, зан үйл, сургаалын талаар тодорхой мэдээллүүдийг өгч байхад бурханы шашны асуудлаар бол Будда Энэтхэгт төрсөн гэхээс хэтрэхгүй байна. Энэ бол бусад шашны сургалт, боловсролын дэвшилттэй талаас суралцах, шашны боловсролын харьцуулсан судалгаа хийхийг шаардаж байгаа хэрэг.
5/ Шашны ёс зүйн боловсролыг эзэмшүүлэх үйл ажиллагаа нь хүний сэтгэл ухаанд шууд хүрэх онцлогтой тул тухайн шашны оршин тогтнолыг хангах нэгэн хүчин зүйл юм. Бурханы шашны ёс зүйн боловсролын агуулга нь боловсролын сэтгэл судлалын онолын үндэс, суралцагчийн нас, сэтгэлзүйн онцлогийг харгалзсан “Зөв амьдрал гэж юу вэ?” гэсэн айд тулгуурлаж ба орчин үеийн хүний тулгамдсан асуудлыг зөв замаар хэрхэн шийдвэрлэхийг зааж сургахыг эрмэлзэх нь зүйтэй. Бурханы шашны ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг нарийн зааглахгүйгээр шууд догмачлах нь хэт туйлширсан, мэргэшлийн шинжтэй болох тул нийтийн эзэмшвэл зохих эрхэмлэл, хэм хэмжээ бүхий орчин үеийн оюун санааны хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн загвар боловсруулж ашиглана гэсэн үг юм. Жишээлбэл, шинжлэх ухааны үр дүн ба шашны уялдаа холбоо, нийгмийн орчин, сэтгэлзүйг нарийн судалсны үндсэн дээр
Сургалтын хэрэглүүр нь: дэлгэцийн үзүүлэн, хэвлэмэл хялбаршуулсан тараах материал, комик, цахим хуудас, DVD зэрэг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах
Сургалтын хэлбэр нь: телевиз, радиогийн зайн сургалт, лекц, ярилцлага
Сургалтын арга нь: бодит амьдралаас жишээлсэн хэлэлцүүлэг, шүүмж, компьютерийн тоглоом, хүмүүнлэг, сайн үйлийн даалгаврыг биечлэн гүйцэтгүүлэх, эсээ, найруулал бичүүлэх зэрэг байж болно.
Сургалтын үнэлгээ нь: стандарт бус байх буюу заавал дүгнэхээс татгалзах зэрэг сургалтын орчин үеийн аргыг ашиглавал зохимжтой.
6/ Ёс зүйчид XXI зуунд тэвчээр нь аливаа хүн өөрийнхөө ёс суртахууны чанарыг тодорхойлох шалгуур гэж үзэх болсон. Тиймээс бурханы шашны ёс зүйн хүлцэн тэвчихүйн сургаалыг хүмүүсийн нас, мэргэжил, боловсролын түвшин, амьдралын орчин зэргийг нь нарийн тооцож сурталчлавал зохистой санагдана. Өнөө цагт хүлцэн тэвчихүй нь хувь хүн, нийгэм, байгаль дэлхийн хамгаалах ерөндөг. Тэвчээртэй байх нь бие хэл, сэтгэлийн гэмээс ангижрах арга, цээрлэх ёсны нөхцөл юм. Судлаачид шашны болон иргэний аскетизм аль аль нь чухал гэх болжээ. Амьдралаас хэдий ихийг хүснэ төдий хэмжээгээр тэвчээр хэрэгтэй. Бидний сэтгэлийн гэмүүд нь тэвчээр суулгаж, сайн үрд хүрэх чанарыг төлөвшүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэвчээр үүсгэж буй эдгээр зүйлс нь Та бидний нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр минь билээ.
Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд Бакула Ренбүүчий манай оронд буддын шашныг дахин сэргээх их үйлийг бүтээх явцдаа сүсэгтэн олонд буддын шашны мөн чанар, гүн итгэл бишрэл төрүүлэхийн ач тус, арван цагаан буян, арван хар нүглийн учир, үйлийн үр, архи, тамхины хор уршиг зэрэг олон сэдвийг хамран өгүүлж байжээ. Тэрээр Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлыг удирдаж байхдаа энх тайвнаар оршихуйн үндсэн зарчмыг буддын ёс зүйгээс үүтгэн үзээд бурханыг, хүнийг, номыг, эх орноо, түүхээ, эх байгалиа, гоо сайхныг биширч чаддаг хүнд амьдрал нь учир утгатай болдог гэдгийг айлдан сэтгэл санаагаар өөдрөг тэнүүн байхыг зөвлөж байв. Ийм активист арга барилыг бурханы шашны ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглах нь үр дүнтэй гэж үзэж байна.
http://www.zbu.edu.mn/index.php?option=com_content&view=article&id=120:aoeoaiu-oaoiu-un-cmei-aieianeieui-anooaeae&catid=42:2011-06-03-08-15-04&Itemid=130
No comments:
Post a Comment