Хураангуй
Манай орны эрдэмтэн судлаачдын 1990 оноос хойш хэвлэгдэн гарсан туурвисан бүтээлийг дүгнэн үзэхэд, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжээ гэж ярьж буй боловч, зарим судлаач үүнийг ёс суртахуунтай шууд холбон үзэхэд, зарим судлаач мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолттой холбон тайлбарласан байна. Мөн судлаач бүр өөр өөрийнхөөрөө нэр томьёог оноон, үгийг утгыг тайлбарлаж буй тул нэгдсэн нэг нэр томьёо болгон оноож, түүнчлэн их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөшүүлэх арга зам эрэлхийх нь зүйтэй байна.
Түлхүүр үгс
Мэргэжлийн хариуцлага, ёс суртахуун, мэргэжил сонголт, багш, эрх зүйн мэдлэг, сургалт
Ёс зүй нь ёс суртахууны үүсэл, хөгжил, зүй тогтол, эрхэм чанарын тогтолцоо, түүний зарчим, хэм хэмжээ, ухагдахууны мөн чанар, хөгжлийн тухай ухаан бөгөөд хүмүүс бусадтай, хамт олонтойгоо, нийгэмтэйгээ хэрхэн зөв харилцахыг судалдаг. Мэдлэг ухааны төрөл зүйлийнхээ хувьд ёс зүй нь философид хамаарагдахын зэрэгцээгээр хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэх явцад шууд хамааралтайгаас гадна төлөвшүүлэх арга зам эрэлхийлдэгээрээ боловсрол судлалын шинжлэх ухааны судлагдахуун болдог. Ёс зүй нь ёс суртахууны тухай мэдлэгийг бий болгоод зогсохгүй, ёс суртахууны сайн үйл хэм хэмжээ, эрхэм дээд туйлын хүслэнг буй болгоход чиглэнэ.
Ёс зүйн үндсэн үүрэг нь нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг өргөтгөхийн зэрэгцээ нийгмийн хөгжлийн дагуу шинээр, илүү бодитой хэм хэмжээг үндэслэн боловсруулж, олон нийтэд санал болгон дэвшүүлэхэд оршдог.
Орчин үеийн соёл иргэншилт нийгэмд нийгмийн үйл ажиллагаа эрх зүйгээр зохицуулагдаж байдаг тул эрх зүй, ёс зүй юугаар ялгагдах вэ? хэмээх асуулт зайлшгүй гарна. Аливаа асуудал бүрийг эрх зүйн үүднээс, хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой юу? Эрх зүй нь нийгмийн ухамсараар дэмжигдэж, ёс зүйн зарчмуудыг өөртөө агуулж байдаг онцлогтой байхад ёс зүй нь нийгмийн ухамсарын нэг хэлбэр болох ёс зүйн тухай, түүний мөн чанар, түүний нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийн тухай ухаан юм. Харин ёс зүйн асуудлыг мэргэжлийн хүрээнд холбон ойлгох нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох хүчин зүйлсийн нэг юм. Нийгмийн байгуулал бүр өөрийн бүтэц үүрэгтэй. Бүтцээ хадгалахын тулд үүргээ биелүүлж, ямар нэг тодорхой үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдын үүргээ биелүүлэхдээ баримталж байгаа ёс зүйн хэм хэмжээ, дүрэм, зан үйлийн горимын цогцыг “мэргэжлийн ёс зүй” гэх бөгөөд өөрийн гэсэн үндсэн ойлголт ухагдахуунтай. Мэргэжлийн ёс зүй нь аливаа нийгэм оршин тогтнохын үндэс тул ажил мэргэжлийн үүргээ бүрэн ухамсарласан байх нь хүмүүст нийгэм ба бие хүн, бие хүн ба хамт олны хоорондох харилцааны олон нарийн ялгаа заагийг харгалзан үзэх боломж олгож үүрэгт ажилдаа өндөр хариуцлагатай хандах эрмэлзэл төрүүлдэг байна.
Мөн 1990 оноос хойш хэвлэгдэн гарсан манай орны эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээлийг дүгнэн үзэхэд, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжээ гэж ярьж буй боловч, зарим судлаач үүнийг ёс суртахуунтай шууд холбон үзэхэд, зарим судлаач мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтоо хэрхэн хэрэгжүүлж буйтай холбон тайлбарласан байна. Мөн судлаач бүр өөр өөрийнхөөрөө нэр томьёог оноон, үгийг утгыг тайлбарлаж буй тул нэгдсэн нэг нэр томьёо болгон оноовол зохистой байна.
Доктор М.Золзаяа тодорхойлохдоо мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн ойлголтууд ялгаатай. Мэргэжлийн ёс зүй гэдэг нь мэргэжлийн онцлогоор нь нөхцөлдсөн ёс суртахууны хэм хэмжээ зарчмууд ба биеэ авч явах байдлыг илэрхийлж байна. Мэргэжлийн ёс суртахуун гэвэл ёс суртахууны зарчим хэм хэмжээг ухамсарлах үйлдэл, үнэлэмж юм [1] гэсэн бөгөөд цаашлан мэргэжлийн ёс зүйн дүрмийг гадаадын ихэнх оронд мэргэжилтний зан үйлийн дүрэм, мэргэжлийн хариуцлага гэж нэрлэдэг талаар бичсэнээр мэргэжлийн ёс зүйн холбогдолтой нэр томьёоны, ойлголтын талаарх асуудлыг хөндсөн байна. Манай оронд хэрэгжиж буй мэргэжлийн ёс зүйн холбогдолтой дүрэмүүдэд хуулийн хэллэг, ойлголтуудыг ихээр тусгасан явдлыг “Шүүгчийн ёс зүйн дүрэм” дээр тулгуурлан гаргаж ирсэн нь ихээхэн ололттой.
Доктор Т.Сэнгэдорж “Хуульчийн ёс зүй”[2] өгүүлэлдээ мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ёс зүй хэмээх ялгаатай нэр томьёо ашигласан бөгөөд үүнийг хуульчийн мэргэжлийн ёс зүй нь ерөнхий ойлголт болдог бол мэргэшлийн ёс зүй нь түүнээс урган гардаг тусгай ойлголт юм хэмээсэн байна. Үүнийг ерөнхий мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь төдийлөн хангалттай бус, харин нарийн мэргэшлийн ёс зүйг мөрдөх нь ажлын шаардлагаар зайлшгүй нөхцөлддөг тул мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн аль алиныг нэг адил биелүүлэх шаардлагатай. Эс тэгвэл ажлын ямар нэг алдаа дутагдал гаргахад хүргэж болзошгүй хэмээн тайлбарласан байна. Бидний үзэж байгаагаар мэргэжлийн ёс зүй нь тухайлсан мэргэжил бүр мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх арга зам нь төстэй тул мэргэшлийн ёс зүй хэмээн тусгайлан нэр томьёо оруулах шаардлагагүй гэж үзсэн.
Доктор Д.Тунгалаг мэргэжлийн зан суртахуун нь хүн ёсны ерөнхий зарчмуудыг тухайн мэргэжлийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан тодосгож хэрэглэн гэсэн үг хэмээн томьёолж болох ба мэргэжлийн ёс суртахууны тодорхой илрэлүүдийг судалдаг салбар ухаан нь мэргэжлийн ёс зүй юм[3] гэж тодорхойлсон байна. Түүнчлэн мэргэжлийн ёс зүйд боловсрох нь нийгмийн ухамсар бүрэлдэн тогтох нэг үндэс болно гээд авлигал, хээл хахууль, албан тушаалын болон нэр төрийн төлөөх тэмцэл нь орчин үед нилээд түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйн анхаарал татсан асуудал болж байна. Иймээс мэргэжлийн ёс зүйд диспозици, гипотез, санкцийг харгалзах нь чухал [4] хэмээсэн.
Монгол Улсын Боловсролын хуулинд “Багшийн ёс зүй”,”Багшийн ёс зүйн хэм хэмжээ” хэмээн томъёолж, мэргэжил бүрийн ёс зүйн хэм хэмжээг “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” гэх мэтээр батлан гаргасан буй тул энэхүү томьёоллыг баримтлах нь зүйтэй гэж бид үзсэн. Судалгааны явцад уншиж танилцсан гадаадын бүтээлүүдэд мөн дээрхийн адил томьёолон гаргасан байна.
Мэргэжлийн ёс зүйн талаарх судалгааны хувьд 1915 онд америкийн эрдэмтэн Жэсс Бондын дэвшүүлсэн[5] онолыг олон судлаачид баримталдаг. Мөн тэрээр албан ёсоор мэргэжлийн ёс зүйн хичээл оруулалгүй, албан бус сургалтын хүрээнд мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх боломжийг тодорхойлсон байна. Оюутнуудаас дараах асуултуудаар судалгаа авч түүнд дүн шинжилгээ хийсний үр дүнд албан бус сургалт зохион явуулах аргачлал боловсруулсан.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын мэргэжлийн ёс зүйн тулгуур үзэл санаа нь Германы эрдэмтэн Андреас Бисийн дэвшүүлсэн малын эмчийн мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээний тухай үзэл баримтлал юм. Тэрээр малын эмч мэргэжлийн ёс зүйн зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн зохицуулагддаг талаар болон малын эмч, малын эзэн, мал амьтны хоорондын харилцаа болон тэдгээрийн харилцан хамааралын талаар гаргаж ирсэн. Малын эмч нь мал амьтан, малын эзэнд шууд хамааралгүй ч, харилцан хамааралтай бөгөөд малын эмч, малын эзэн хоёрын хооронд ажлын гэрээ үйлчилж байдаг. Малын эмчийн малын эзнээс ялгагдах чанар нь анагаах чадвар, эмчийн нэр хүнд, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, хуримтлуулсан ажлын туршлага, өвчний тархалтын талаарх зэрэг өргөн мэдлэг болно. Малын эмч, малын эзэн хоёрын хоорондын холбоо нь мал эмчлүүлэх асуудал бөгөөд эзний зүгээс эмчилгээний төлбөр асууж лавлах эрхтэй. Нөгөө талаар эзэмшигчийн санал дээр тулгуурлан эмчлэх шийдвэрийг малын эмч тогтооно. Харин эмчилгээний явцад малын эмч малын эзний шийдвэрийг дагаж мөрдөх шаардлагагүй.
Мэргэжлийн ёс зүйн талаарх өөр нэгэн үзэл баримтлалыг Герман эрдэмтэн Питр Штрахэндорф дэвшүүлсэн. Тэрээр нарийн мэргэжих тусам, мэргэжлийн ёс зүйн асуудал улам нарийсдаг бөгөөд мэргэжлийн ертөнцөд өөрсдийгөө удирдан залах ёс зүйн хэм хэмжээг тогтоох оролдлого улам нэмэгддэг хэмээсэн. Тэрээр өөрийн үзэл баримтлалаа Кантын сургаалд тулгуурлан гаргаж ирсэн. 200 зорчигчтой онгоц техникийн гэмтлийн улмаас 50000 хүнтэй барилга чиглэн мөргөх аюултай нисэж байхад та аль талыг нь бай болгон унагах вэ гэдэг зайлшгүй сонголтын магадлалыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь үүгээрээ мэргэжлийн бодлого бодолт нь мэргэжилтний зөв шийдвэр гаргахад туслах хүчин зүйл болно гэж үзсэн. Түүнчлэн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн хоёр үндсэн ойлголт гаргаж ирсэн. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжлийн хүрээнд хийгддэг бүхий л талын үйл ажиллагааг судалдаг бол мэргэжлийн ёс суртахуун нь мэргэшлийн хүрээнд хийгддэг үйлдэл гэж ялган тодорхойлсон. Эрх зүй мэргэжлийн ёс зүйгээс юугаар ялгарах вэ? Эрх зүй нь гадаад эрх мэдэл бол мэргэжлийн ёс зүй нь дотоод эрх мэдэл хэмээсэн. Ихэнх хууль ёс суртахууныг үндэслэлээ болгодог боловч зарим ёс зүйгүй хууль батлагдан гардаг. Ийм тохиолдолд сөрөн зогсох үйлдэл гаргах хэрэгтэй. Харин мэргэжлийн ёс зүй нь хууль дүрмээр зохицуулагддаггүй бөгөөд хуулиас өргөн хүрээтэй асуудлыг хамардаг. Амьдралын бүхий л хүрээнд эрх зүй үйлчилдэггүй бөгөөд харин ёс зүйн дүн шинжилгээгээр шийдэгддэг гэж үзсэн байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг ба энэ нь ёс төдий бус хэрэгжих бус өнөө үе, хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэн, амьдрах чадвартай байх хэрэгтэй юм. Мөн албан хаагчдаас ард иргэд, олон нийттэй харьцах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх соёл, дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн төлөвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн амьдрал ахуйд нь хэвшил болон тогтоодог.
Өндөр хөгжилтэй орнуудад цэцэрлэгийн наснаас нь “Ёс зүйн үндэс” хичээлийг нарийн тогтсон стандартын дагуу, тодорхой шатлалтайгаар бүрэн дунд боловсрол эзэмшиж дуустал заадаг бөгөөд их, дээд сургуульд суралцагчдад/ нийгмийн ухааны салбараас бусад/ тусгайлан ёс зүйн үндэс хичээл заадаггүй. Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн онцлог, мэргэжилтний гаргаж болзошгүй алдаа, мэргэжилтэй холбоотой хууль, дүрэм журам, хэм хэмжээ, мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар бага цагаар танхимын нөхцөлд зааж сургадаг. Ингэснээр мэргэжилтэн бүр ажил амьдралдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нарийн даган мөрдөх бололцоо, нөхцөл бүрддэг байна. Ёс зүйн зөв хүмүүжилтэй хүнд мэргэжлийн ёс зүй амар хялбар төлөвшинө гэсэн зарчмийг өндөр хөгжилтэй орнуудын боловсролын яам нь баримталдаг байна. Энэ бүхнээс дүгнэхэд өнөөгийн оюутан залуусын мэргэжлийн ёс зүй төлөвшилд дараахь хүчин зүйлс нөлөөлж байна гэж үзсэн. Үүнд:
· Мэргэжлийн ёс зүйн талаарх нэгдсэн нэгдмэл ойлголтонд хүрээгүйн улмаас их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүйн боловсрол олгох ажил учир дутагдалтай байна.
· Мэргэжлийн ёс зүйн ойлголт нэгдмэл бус учир мэргэжлийн хэм хэмжээг тогтооход бэрхшээл учирч байна.
· ХААИС-ийн хэмжээнд мөрдөж буй хууль, дүрэм, журманд мэргэлийн ёс зүйн холбогдолтой ойлголт, ухагдахуун тусгагдаагүй байна.
· ХААИС-ийн бүрэлдэхүүн 7 сургуулийн 2-д ”Бизнесийн ёс зүй” хичээлийн дэд сэдэв хэлбэрээр судалж, бусад 5 сургуульд заахгүй байна. Түүнчлэн “ёс зүйн үндэс” хичээл болон нийгмийн ухааны хичээл нь сонгон суралцах хэлбэрээр заагдах болсноос оюутнуудын уг хичээлийг сонгох сонголт буурсан байна. Дараах ажлыг зохиовол зүйтэй байна. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн авьяас, сонирхлыг зөв ажиглан, чиглүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авч, сургууль төгсөх үед сонгож буй мэргэжлийнх нь талаар тодорхой ойлголттой болгосноор залуучууд эзэмшихийг хүсэж буй мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой байж, өөрийн хүсэл сонирхол эрмэлзэл нь тухайн мэргэжлийн шаардлага зорилгод нийцэж буй эсэхийг сайтар бодолцох бололцоотой болно. Мэргэжлийн буруу сонголтоос гарах сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн мэргэжлийн онцлогийг, ямар үүрэг хүлээсэн мэргэжилтэн болох ёстойг сайтар ойлгуулах хэрэгтэй. Мэргэжил сонголт нь хүний амьдралын хамгийн чухал алхам болохоор түүнд ухамсартай, сэдэл тэмүүлэлтэй хандах нь зүйтэй.
Мэргэжлийн ёс зүй төлөвшихөд мэргэжлийн хичээлийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ талаар сүүлийн үед их анхаарал тавьж байна. Нийгмийн амьдралд тухайн мэргэжлийн эзлэх байр суурь, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагын талаарх төсөөлөл, ойлголтуудыг мэргэжлийн хичээл бүрэлдүүлэн өгдөг билээ. Тийм учраас их, дээд сургуулийн 1-р дамжаанаас эхлэн оюутнуудад мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчмуудыг эзэмшүүлэн мөрдүүлж сургах хэрэгтэй.
Оюутан залууст ирээдүйн мэргэжлийнх нь анхны төсөөлөлийн мэргэжлийн багш буй болгодог. Багшийн гадаад төрх, оюутантай харьцаж байгаа байдал, соёл, эрдэм шинжилгээний ажлын амжилт, сонирхол зэрэг нь оюутанд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Өнөөгийн нөхцөлд оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх асуудлыг багш нараас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй. Багш нарыг ирээдүйн мэргэжилтэн бэлтгэж байгаа ёс суртахууны хариуцлагыг нь тэдэнд эрхэм болгон тавиулж үүнтэй нь хариуцлага тооцох системийг бий болгох хэрэгтэй.
Тухайн мэргэжлийг зааж буй багш тэргүүлэх профессор -1, оюутны эзэмшиж буй мэргэжлийн зааж буй мэргэжлээрээ ахиж яваа заах арга сайтай багш -1, нийгмийн ухааны тэнхмийн багш -1, сургуулийн захиргааны сургалтын албанаас нэг хүн оролцуулсан “Мэргэжлийн ёс зүй” хичээл заах багш нарын баг байгуулан багийн системээр ажиллуулах загварчлал гаргаж байна. Хичээлийн сэдвийг сургуулийн заах аргын зөвлөлөөс батлан гаргах бөгөөд нэг семестрт 12 сэдэв байхаар төлөвлөнө. Оюутан болсон эхний жил ёс зүйн хичээл 2 кредитээр нэг семестр орж, 2-3 курст мэргэжлийн ёс зүйн хичээлийг 2 кредитээр нэг нэг семестр орохоор төлөвлөнө. Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаа нь ерөнхий эрдмийн хичээл, суурь хичээл голлон үздэг бөгөөд хоёрдугаар дамжааны хичээлийн 80% нь мэргэжлийн хичээл болж ирдэг тул, энэ үеэс нь оюутан бүрийг мэргэжлийн ажиглах дадлага албан ёсоор хийлгэх нь үр дүн, ач холбогдолтой. Мөн хоёрдугаар дамжаанаас оюутнуудыг багаар ажиллах чадвартай болгохын тулд, нэг хүний амжилт, хамт олны амжилт ямар үнэ цэнэтэйг ойлгуулах зорилгоор 4-5 оюутны бүрэлдэхүүнтэй илтгэл бичих баг бүрдүүлэн, тэнхмийн, сургуулийн, төв сургуулийн, хотын, улсын гэсэн шат дараалалтай эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. 3-4-р дамжаанд мэргэжлийн түвшинд эрдэм шинжилгээний ажил удирдагч багшийн удирдлагаар хийвэл оюутан залуус мэргэжилдээ дур сонирхолтой, үнэнч ажиллах, сайн мэргэжилтэн болох суурь сайн тавигдана.
Нийт оюутан сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх чухал алхамуудын нэг болно. Эрх зүй ба мэргэжлийн ёс зүйн олон асуудал хоорондоо холбоотой боловч ялгаатай талууд буй бөгөөд үүнийг нь хуулиар шийдвэрлэнэ, үүнийг нь ёс зүйн дүрэм журмаар шийдвэрлэнэ гэдгийг ойлгуулах сургалт, семинар зохион байгуулах хэрэгтэй.
Оюутны холбоо нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх ёстой гол байгууллагын нэг тул хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Оюутанд зориулсан мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх сайтыг оюутаны холбоотой хамтран зохион байгуулна. Сайтын бүтцэнд:
- Мэргэжлийн ёс зүй гэж юу вэ? гэсэн тодорхойлолт бүхий нүүр хуудаснаас сайт эхэлнэ.
- Мэргэжлийн ёс зүйн хэлэлцүүлэг: Асуудал дэвшүүлсэн нөхцөл байдал бүхий жишээ аван сайтанд блог болгон тавина. Сайтаар зочилсон оюутан бүр уг блогд өөрийн үзэл бодлоо бичсэн байх бөгөөд тэдний саналыг эрдэмтдийн саналтай харьцуулсан үнэлгээг 7 хоног бүр гаргаж тавина.
- 14 хоногт нэг удаа дэлхийн хэмжээний шинжлэх ухаан техникийн ололтын талаарх дэлгэрэнгүй материалыг мэргэжлийн холбогдох сайтуудаас татан авч орчуулан тавина.
- Оюутан өөрөө өөртөө үнэлгээ өгөх ёс зүй, мэргэжлийн ёс зүйн тест сар бүр нэмэгдэн шинэчлэгдэн тавигдаж байх
- Мэргэжлийн түвшинд гарамгай амжилт гаргасан хүний амьдралыг үлгэр жишээ болгон тавьж байх
- Мэргэжлийн бодлого 14 хоногт нэг удаа тавигдана. Бичиглэл, дүрслэлийн хувьд хөгжилтэй хэлбэрийг сонгоно. Хэрэв бодлого бодогч алдаа хийсэн тохиолдолд түүнийг ямар сүйрэл, сэтгэл санааны тавгүйтэл, дарамт учирч болохыг тоглоомын аргаар гаргаж ирнэ.
Шинжлэх ухаан технологийн асар хүчтэй, үсрэлтийн энэ үед цахим сургалтын хэлбэр ажиллуулах нь ихээхэн ач холбогдолтой зүйл тул оюутан залуусын WEB хуудсыг Сургалтын албаны шууд удирдлага доор ажиллуулбал зохих үр дүнгээ өгнө.
Дүгнэлт
Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх арга зам нь албан ба албан бус сургалт бөгөөд албан сургалтын хүрээнд “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээлийг бүх мэргэжлийн ангийн оюутнуудад заах, суралцагчдын бие даалтыг дээшлүүлэх сургалтын аргуудыг эрчимтэй хэрэглэх, албан бус сургалтын хүрээнд зайн сургалт, онлайн сургалтыг өргөн хүрээтэйгээр сургалтанд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мэргэжлийн ёс зүйг их, дээд сургуульд суралцагчдад эрдэм шинжилгээний ажлаар дамжуулан төлвшүүлэх нь хамгийн үр дүнтэй арга болно. Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх явцад суралцагчид аливаа асуудалд хариуцлагатай хандан, шийдвэр гаргах чадвартай болдог нь бидний судалгаандаа туршлага болгон авч үзсэн орнуудын болон манай эрдэмтэн судлаачдын судалгаагаар нотлогдсон.
[2] Т.Сэнгэдорж. Хуульчийн ёс зүй. Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. УБ.,2007 83 дах тал
[3] Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй /эмх/ УБ.,2007 8 дах тал
[4] Мөн тэнд 8 дах тал
[5] Jesse H.Bond. The teaching of professional ethics in the schools of Law, Medicine, Journalism and Сommerce in the United States. 1915
No comments:
Post a Comment