Sunday, June 26, 2011

Төрийн албанд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой






Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий.
Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Чуулганы зочид төлөөлөгчид өө, Хатагтай ноёд оо,
Монгол улс хөгжлийн шинэ гараан дээрээ ирлээ. Бид ардчиллын гэгдэх нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд алдсан олсон зүйлийн талаар бишгүй ярьсан. Одоо угтах ирээдүйн 20 жилээ төлөвлөн, хийж бүтээх учиртай. Ирэх 20 жил бол улс нийгмийн эрчимтэй хөгжлийн, эх орны их бүтээн байгуулалтын он жилүүд байх болно. Энэ бүхний үр дүнд Монгол хүн хөгжиж, хүний хөгжлийн таатай нөхцөл бүрдэнэ. Үүнд бид итгэлтэй байна. Эдийн засаг тэлж байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Улсын болоод хувийн салбарт алсдаа өгөөжтэй бодит бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эрч хүчээ авч эхэллээ. Хүний хөгжлийн сангаар дамжиж иргэдэд байгалийн баялгийн хувь хишиг бага багаар очиж эхэлсэн. Хөгжлийн банкийг байгуулж, эдийн засгийн томоохон хөтөлбөр төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдүүлэх хөшүүргийг бий болголоо. Нэг үгээр хэлбэл, манай Засгийн газар ээлж өнгөрөөх, гал унтраах байдлаар биш холыг харсан, хөгжлийн бодлогоор ажиллахыг хичээж байна. Алийн болгон бид “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг” гэсэн сэтгэлгээгээр ажиллахав. Хэдийгээр нийгмийн зарим хэсгийн амьдралд “өнөөдрийн уушиг” нь чухал байгааг ойлгож буй хэдий ч бид нөхцөл байдлыг өөрчилж, өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж, том зорилт тавихыг чухалд үзэж хамтран зүтгэж байна. “Оюу толгой”, “Таван толгой”, “Шинэ төмөр зам”, “Сайншандын аж үйлдвэр” цогцолбор, “Шинэ бүтээн байгуулалт” зэрэг хөгжилд хөтлөх хөтөлбөр, төслүүд бэлтгэгдэж, ажил хэрэг болж амьдралд биелэлээ олох эхлэлийн гараан дээр байна. Энэ бол дотоод нөхцөл байдал, хүчин зүйл юм.

Гадаад орчин, нэг талаасаа, бидэнд эдийн засгийн таатай боломжийг бүрдүүлж байгаа ч, нөгөө талд нь, хүндхэн сорилтууд хүлээж байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, экологийн хямрал, байгалийн баялгийн төлөөх ил далд өрсөлдөөн, дэлхийн хүн амын хүнсний хомсдол, түүний аюулгүй байдал, элдэв өвчин тахлын хил хязгааргүй тархалт, харийн соёлын түрэлт зэрэг өдрөөс өдөрт ойртон нүүрлэж буй эрсдэл сорилтууд нь үндэсний оршин тогтнол, айл өрхийн аюулгүй байдал, Монгол хүний хөгжилд сөргөөр нөлөөлөхүйц бодит аюул заналыг сануулж байна. Дотоод, гадаад энэ бүх нөхцөл байдал нь биднийг хөгжлийн философио, засаглалын хэв загвар, өгөөж бүтээмжээ дахин шинээр харахыг шаардаж байна. Тэгвэл эрсдлийг багасгаж, сорилтыг давж, боломжийг ашиглаж, хөгжлийг түргэсгэх гол хөшүүрэг нь зөв менежмент бүхий сайн засаглал юм. Үүнд эргэлзэх явдалгүй. Энэ бол бидний итгэл үнэмшил байх ёстой. Би Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэг жил найман сар болж байна. Энэ хугацаанд бүх аймаг, орон нутагт ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж зовлон жаргалыг нь сонслоо. Тэдэнд асуудал, бэрхшээл байна.
Амьдрал өрнөж байгаа газар асуудал байх нь мэдээж. Гэхдээ хүмүүс нэг л зүйлд, тодруулбал, төрийн байгууллагын ажил үйлчилгээ, төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажилдаа болоод хүнд хандах хандлагад нь сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Мөн дээрх хугацаанд боловсролын шинэчлэл, хөрөнгийн зах зээл, санхүү, бизнесийн орчны шинэтгэл, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүч, эрдэс баялаг, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан гээд үйлдвэрлэлийн бараг бүх салбараар орж, хүн ам нийгмийн эрсдэлт бүлгүүд, хүүхэд залуучууд, гэр бүлийн тулгамдсан асуудлаар үгээ хэлж, үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж ирлээ. Салбарын яам, агентлаг, төв, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хэдэн мянган албан хаагч ажиллаад байгаа хэрнээ гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бодит өөрчлөлт энэ хугацаанд гарсан гэж бардам хэлэх үндэслэл бага байна. Хүн амын амьдралд шууд мэдэгдэхүйц өөрчлөлт дорвитой гарахгүй байна. Энэ бүхнээс Монголын төрийн албаны ажил хэрэг, түүний гүйцэтгэлийн үр өгөөж ямар байна вэ? гэдэг нь тодорхой болно.
Тэгэхлээр бид засаглалын хэлбэр маягаа илүү үр өгөөжтэй болгож, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Засаглалын үр ашигтай механизмыг тогтоох, төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагыг эрс сайжруулах нь эдийн засаг, нийгмийн том зорилтуудыг хэрэгжүүлж, улс орны болоод монгол хүний хөгжлийг хангах гол түлхүүр, үндсэн хөшүүрэг гэж би үзэж байна. Хөгжиж ирсэн улс орны туршлага, тэдний амжилтын нэг нууц ч энд байна. Тиймээс төрийн албаны шинэтгэлийг ярих нь нийгмийн хэрэгцээ шаардлага, өнөө цагийн дуудлага юм. Энэ дуудлагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж баяр хүргэе. Асуудлыг олон талаас нь ажил хэрэгчээр, ний нуугүй ярилцахыг та бүхнээс хүсье. Эрхэм нөхөд өө, Төрийн албаны шинэтгэл нь байнгын тасралтгүй үйл явц юм. Бүр 1980-аад оноос эхлэн дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс орнуудын өмнө Төрийн захиргааны шинэтгэлийн асуудал тавигдсаар ирсэн байна. Энэ хооронд захиргааны шинэтгэлийн олон үзэл онол, хандлагууд бий болж засаглалын практикт нэвтэрч, эерэг сөрөг үр дагаваруудыг дагуулсаар, туршлага, сургамж хуримтлуулсаар өнөө хүрч иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн үеийг дамжин монгол улсын төрийн албаны тогтолцоо институтын хувьд цоо шинээр бүрэлдэн тогтжээ. Өнөөгийн манай төрийн албаны тогтолцоонд ололттой, дэвшилтэй зүйл мэдээж багагүй бий. Гэхдээ дутагдал доголдол нэлээдгүй байгааг амьдрал өөрөө харуулж байна. Ард иргэд шүүмжлэн хэлэлцэж байна. Ерөнхийлөн шүүмжлэх, хавтгайруулан үгүйсгэх биш дутагдал доголдол нь хаанаа, юундаа байна вэ? гэдгийг нарийн оношлон тогтоох нь цаашдын шинэтгэлийн стратеги зорилтыг тодорхойлоход чухал ач тустай. Шинэтгэлийн гол зорилго нь нэгэнтээ хэлбэржин тогтсон институтын тогтолцоог дахин задлан, шинээр эмхлүүлэхийг зорих биш, харин одоогийн бүтэц тогтолцоог боловсронгуй болгон тогтвортой байдлыг хангах, улмаар түүний дотоод үйл ажиллагаа соёл хандлага, төрийн албан хаагчдын бодол сэтгэлгээ, арга барилын шинэтгэлийг эрчимжүүлэхэд оршино гэж үзэж байна.
УИХ-аас баталсан “Монгол улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийг зохион байгуулах ажил цаг хугацааны хувьд 2010 оноор дуусгавар болсон ч дунд хугацааны стратегийн зорилго, эрхэмлэн дээдлэх зүйлс, монгол төрийн албаны үнэт зүйл хэм хэмжээ болж хараахан бүрэн төлөвшөөгүй. Тиймээс бидний хийхийг хүсч буй шинэтгэлийн стратеги зорилт эндээс урган гарах учиртай. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд суурилсан төрийн албаны үр өгөөжтэй, иргэддээ үйлчилдэг, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх явдал гэж тодорхойлж болох байна. Ерөнхий сайдын албыг хүлээн аваад УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн жинхэнэ албанд гавьяа зүтгэлийн буюу Меритократ тогтолцооны зарчмыг тууштай хэрэгжүүлэх бодит шаардлага байна” гэж тэмдэглэсэн байр суурь хэвээр байгааг дахин нотлон хэлэхийг хүсч байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшний ялгааны нэг үндэс нь засаглалд байна. “Засаглалын ялгаа” байгаа учраас зарим нь хөгжиж, зарим нь хөгжлийн өндөрлөгт хүрч чадахгүй байна. Хөгжлийн зөв шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь сайн засаглалын стандарт юм. Тиймээс бид сайн засаглалын стандартыг төвд ч, орон нутагт ч, нутгийн өөрөө удирдах ёсонд ч нэн даруй нэвтрүүлэхийг хичээх учиртай. Сайн засаглалын нэг үндсэн шинж бол төрийн алба мэргэшсэн, тогтвортой байж, иргэддээ чанарын үйлчилгээ үзүүлэх явдал мөн. Төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл юм. Төрийн албаны тогтвортой байдал гэдэгт бодлогын, хууль тогтоомжийн, байгууллагын бүтэц, тогтолцооны, үйл ажиллагааны чиглэлийн, боловсон хүчний гээд олон зүйлс багтана. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд бид дээрх зүйлийн алинаар нь ч тогтвортой тууштай байдлыг хадгалж чадаагүй явж ирсэн байна. Засгийн газрууд байн байн солигдож байсан нь үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл яах аргагүй мөн. Сүүлийн 15 жилд 9 засгийн газрын нүүрийг үзээд байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаагаараа ажилласан нь нэг л байна. Засгийн газрын халагдах солигдох үйл явцыг дагалдаад бүтэц зохион байгуулалтын элдэв өөрчлөлтүүд, боловсон хүчний халаа сэлгээ төв орон нутаггүй хийгдсэн нь төрийн албаны тогтвортой байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй, эцсийн дүндээ иргэдийн амьдралд халгаатай, бүтээн байгуулалтад саадтай байсны горыг бид өнөөдөр ч даван туулж чадаагүй байна. Эндээс сургамж авах нэгэн зүйл харагдана. Засгийн газрын кабинетийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө ч засгийн газрын бүтцийн байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлийн тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэх нь чухал юм байна. Энэ чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар мэргэшсэн, туршлагатай төрийн албан хаагчид тогтвортой ажиллаж, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явагдах нөхцлийг эрх зүйн бүрэн дархлаатай болгох нь чухал байна. Төрийн жинхэнэ албаны ажилтнуудын ангилал, зэрэглэлийн стандартыг ч тодорхой болговол зохино. Тухайлбал, яам агентлагийн хэлтэс, газрын дарга нар болон ерөнхий менежерүүдэд тавигдах шаардлагыг бусад улс орны ижил түвшний менежерүүдэд тавигддаг орчин үеийн шаардлагын түвшинд маш тодорхой стандартчилж өгөх ёстой. Төрийн албаны тухай хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулъя. Төрийн болоод төв, орон нутгийн байгууллагад тогтвортой ажилласан хүнийг албан тушаалд дэвшүүлэн томилдог болохыг хуулчилъя. Тухайлбал, төрийн яаманд магадгүй 3 аас 5 жил ажилласан туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай болохоо харуулж чадсан хүнийг хэлтэс, газрын дарга болгодог, карьерийн зарчмаар албан тушаалд дэвшүүлдэг байх тодорхой өөрчлөлтүүдийг төрийн албаны тухай хуулинд оруулъя. Энэ талаар та бүхэн зөвлөлдөж ярилцах ёстой. Төрийн албанд аль намын, аль нутгийн, хэний хүн байх нь гол биш гагцхүү стандарт шаардлагыг хангасан сайн менежер, зохион байгуулагч, төрд сэтгэлтэй хүн ажилладаг байх ёстой. Төрийн шийдвэр гаргах тогтолцоог нотолгоо, судалгаа, бодит тооцоонд тулгуурласан зарчимд шилжүүлэх нь бодлогын тогтвортой байдлыг хангах, нэг хүчин зүйл мөн. Төрийн албаны тогтвортой байдал, засаглалын чадавхийг сулруулж, хүний нөөцийн бодлогыг алдагдуулахад хүргэсэн нэг зохисгүй хандлага бол улс төрийн нөлөөлөл гэсэн ерөнхий нэрийн дор халхавчлагдсан зүй бус оролцооны зохисгүй үр дагавар юм. Намчирхах, нутгархах, бүлгэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэг, хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлдөг энэ зүй бус зохисгүй оролцоо, хандлагыг таслан зогсоох улс төр, эрх зүйн баталгааг бүрдүүлэх ёстой. Энэ талаар та бүхэн салбар хуралдаан дээрээ сайн ярьж, хэрхэх тухайгаа хэлэлцэж тогтоно бизээ. Сайн засаглалын нэг гол шалгуур бол иргэддээ ойр байх, тэдний төлөө чанартай, адил тэгш, алагчлалгүй үйлчилгээ үзүүлдэг байх явдал мөн. Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” хэмээн бид хуульчилсан. Үүнийг хуулийн хуурай заалт, хоосон тунхаг байлгалгүйгээр төрийн албан хаагч бүр үйлдэл, сэтгэл болгон хувиргаж, үйл ажиллагаагаараа нотлон харуулахыг амьдрал та биднээс шаардах боллоо. “Өндөр чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэх” нь дэлхийд жишиг болохуйц стандарт бүхий Канад улсын төрийн албаны хамгийн нэгдүгээр эрхэм зорилго болдог байна. Үнэндээ улсынхаа ард иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх гэсэн үзэл бодол бүх төрийн албан хаагчдын зүрх сэтгэлд шингэсэн байвал зохино. Сэтгэл л байвал таны үйлчилгээ хүнд хүрнэ. Үг яриа, үйлдэл, зан үйл, үйлчилгээ, ажлаас таны сэтгэлийг иргэд мэдэрч, харж, уншиж байгаа. Иргэд та биднээс их юм шаардахгүй. Гагцхүү бодитой, нээлттэй сэтгэл шингэсэн үйлчилгээ, хүн ёсны харилцааг л хүсч байна.Төрийн байгууллагын ажил, үйлчилгээний соёлд эргэлт гаргахад хувийн хэвшлийн байгууллага, тэндхийн ажилтнуудаас санаа авах, сурах юм их бий. Хөндий харьцаа, хөшүүн хойрго байдал, хүлээлгэж уях, хариу нэхэх байдлын илрэл нь шуурхай түргэн, шударга тэгш хандаж, угтаж авч тосч үйлчилдэг үйлчилгээний хэм хэмжээг мэдэх болсон манай иргэдийн уур уцаарыг хүргэх нь гарцаагүй. Төрийн нэрээр хувийн ажлаа амжуулж, төрийн алба гэсэн вакум орчинд сууж хүнд суртлын үүр уурхай болсон зарим хандлагыг өөрчлөхийг ард иргэд шаардаж буйг бид анзаарахгүй байж болохгүй. Өнөөдөр төрийн нэрийн өмнөөс нийтдээ 150 гаруй мянган албан хаагч ажиллаж байна. Тэдний 113 мянга гаруй нь төрийн үйлчилгээний албан хаагчид бөгөөд тэд өдөр тутам төрийн нийтлэг үйлчилгээг иргэдэд хүргэх үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн тусгай, төрийн захиргаа, улс төрийн албан хаагч хэн нь ч байсан өдөр бүр хүнтэй харилцаж байгаа. Энэ олон хүнийг хүний төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгтгэн зангидвал “олны хүч оломгүй далай” гэгч болно. Ард түмэндээ үйлчлэх андгай тангараг бүхий төрийн албан хаагч та бүхэн нийтээрээ эрхэмлэн дээдлэх, үнэт зүйл, чин эрмэлзлээ анхны чуулганаараа тунхаглан илэрхийлж, сахин мөрдөх нь зүйтэй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түмний төлөө төрийн нэрийн өмнөөс үнэнч шударгаар зүтгэж байгаа хэнийг ч манай ард түмэн мэднэ, хүндэтгэнэ. Төр тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж нэр төрийг нь хамгаалахыг хичээнэ. Ингэж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж та бүхнээр уламжлан ажлын амжилт, сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Монгол улсын төр, тэр дундаа Засгийн газар бол хамгийн том ажил олгогч, ажил үйлчилгээний хамгийн том захиалагч, хамгийн их хөрөнгө оруулагч мөн. Ажил олгогчоос ажил эрхлэгчид тавих болзол, шаардлага цөм стандартчилагдсан байх учиртай. Энэхүү стандарт нь хэн нэгэн хүнд зориулагдсан биш хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний цар хүрээ, чанар, хүртээмж, соёл, хариуцлагын хэмжээгээр тодорхойлогдох ёстой. Дээр нь энэ стандарт бидний жишиг болгохыг зорьж буй улс орны төрийн байгууллагын ижил түвшний албан тушаалд тавигддаг стандартын хэмжээнд буюу түүнд дөхөж очсон байх шаардлагатай болоод байна. Даяаршил, нийгмийн хөгжил, биднийг тосон ирж буй хөгжлийн давалгаа үүнийг шаардаж байна.

Манай төрийн байгууллагын ажил үйлчилгээ, албан хаагчдын мэдлэг, ур чадвар дэлхийн түвшний төрийн албаны стандартаас л доогуур байх юм бол төрийн алба бол улс орны хөгжлийн хөтөч байна гэдэг үг зүгээр л хоосон зүйл болно. Төрийн захиргааны шинэтгэл, улсын салбарын шинэ удирдлага, сайн засаглал, шинэ хэв маягийн Засгийн газар, төрийн шинэ менежмент, эзэн агентийн харилцаа, ажил үйлчилгээний өртөг зэрэг төрийн захиргааны үзэл онолын мөн чанарыг илэрхийлсэн ойлголтууд нь зөвхөн онолын ном зохиолд хэрэглэгддэг эсвэл зарим хүний цэцэрхсэн хоосон үг болж үлдэнэ. Бид үүнийг хүсээгүй. Үгийг үйл хэрэг, онолыг практик хэрэглээ болгохыг та бүхнээс хүсч байна. Төрийн засаглалын өгөөж, үр дүнг дээшлүүлэхэд компанийн засаглалын зарим сайн стандартаас суралцвал зохино. Компанийн ажлын байранд тавигдах шаардлага, удирдлагын менежмент, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт шинжилгээ, тайлагнал гэж бидний ярьдаг зүйл цөм стандартчилагдсан, тэгэхдээ бүр дэлхийн түвшинд гэж ярих хэмжээнд хүрчээ. Төрийн байгууллагаас шаардаад, бидний хүрэх гээд хүсээд байгаа ажил үйлчилгээ, менежментийн стандарт жишиг бидний дэргэд ойрхон байна. Үүнээс суралцацгаая, тэдэнтэй уралдацгаая гэж уриалмаар байна. Төрийн байгууллагын хөгжил, төрийн албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадвар, харилцааны соёл, хүнд хандах сэтгэлээс, төрийн албаны шинэтгэлийн хувь заяа шууд хамаарах нь тодорхой. Тийм л хүнийг олж тодруулах, сонгон шалгаруулах, ажилд томилох, сонгоход Төрийн албаны зөвлөл болон түүнд оролцогч эрх бүхий субьектүүд нэгдмэл бодлого, нэг л шалгуураар ханддаг, шинэ соёлын хэм хэмжээг хэвшүүлэх нь зүйтэй.
Улс төрийн намууд ч энд тодорхой үүрэг хүлээх ёстой. Тэд төр, иргэнээ хүндэтгэж байгаа л бол төрийн албаны стандарт шаардлагад нийцэх хамгийн сайн боловсон хүчнийг л төрд илгээвэл зохино. Ингэж чадвал ажил хэргийн нэгдмэл эрх ашгийн үүднээс ашиг сонирхлын зөрчил үүсэх ёсгүй. Харин хаана энэ стандарт зөрчигдөж, иргэдийн итгэл хүлээхгүй хүнийг төрийн албанд зүтгүүлнэв, тэнд сонирхлын зөрчил үүсэж, намынхаа ч, төрийн албаны ч нэр хүндийг унагаадаг муу зуршил, дутагдлыг өөрчилье гэж намуудад хандан уриалья. Энд бас л стандарт шаардлага, хуулийн зохицуулалт хэрэгтэй. Холбогдох хууль тогтоомжуудад ийм зохицуулалт хэм хэмжээг суулгаж өгөхөд цаг алдмааргүй байна. Мерит зарчимд суурилсан мэргэшсэн, чадварлаг төрийн албаны ажилтан, албан тушаалтанд зайлшгүй байх бас нэг гол шалгуур шинж бол чин шударга, хариуцлагатай байх чанар билээ. Үүнийг ч иргэд хүсэж шаарддаг, бас шүүмжилж баалдаг. Ингэх ч эрхтэй. Тиймээс салбар хуралдааны хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага, төрийн зарим албан хаагчдын шударга бус, хариуцлагагүй үйлдлийн талаар баримттай, эзэнтэй, тодорхой яригдана гэж бодож байна. Үүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан анхааралдаа авбал зохино. Чухамдаа шударга, зөв шүүмжлэл шинэчлэлийн хөшүүрэг, хөтөч болно гэдэгт би санал нэг байна.

Шударга хариуцлагатай байх нь ерөөс хүн бүрт байвал зохих эрхэм чанарууд мөн. Гэхдээ төрийн байгууллага болон хувийн хэвшилд ижилхэн эрэмбийн ажил, албан тушаал эрхэлж байгаа 2 хүн байхад иргэд төрийн албан хаагчаас нь дээрх чанарыг илүү нэхэмжилж, хүсэмжилдэг буюу илүү өө сэвийг олж хардаг байна. Энэ бол төрөө хүндэтгэх уламжлалт хандлагын үүднээс бол төрийн албаа цэвэр ариун байлгах, шударга бус хүнийг шургалуулахгүй байх гэсэн бодол эрмэлзлэл, орчин үеийн ойлголтоор бол татвар төлөгчид түүнд хяналтаа тавьж, хариуцлага нэхэж байгаагийн илэрхийлэл юм. Шударга бус, хариуцлагагүй хүнийг хэн ч хаана ч цалинжуулахыг хүсэхгүй нь тодорхой. Төрийн албанд ч энэ зарчмыг хатуу мөрдлөг болгох ёстой. Хариуцлага тооцдог маш тодорхой механизмуудыг Төрийн албаны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжуудад нэмж суулгаж өгье. Хаа газрын төрийн алба ёс зүйн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Төрийн албанд ажилд авах, албан тушаал дэвшүүлэхдээ мэдлэг, мэргэшлийн ур чадвараас гадна тухайн хүний биеэ зөв авч явдаг, эрх мэдлээ урвуулан ашигладаггүй, улс төрийн нөлөөнд автдаггүй, зүй бус авирладаггүй, ноцтой алдаа гаргадаггүй байх зэрэг шинжүүдийг зарим улс орон төрийн албаныхаа үндсэн шалгуур болгодог болжээ. Үүнийг ч манай төрийн алба жишиг болгох хэрэгтэй. Засгийн газар өнгөрсөн оны эцсээр “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний дүрэм”-ийг баталж гаргасан нь энэ чиглэлээр хийсэн нэг ажил юм. Энэ дүрмийг мөрдөж хэрэгжүүлэх нь чухал. Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлүүд төрийн албан хаагчдыг мэргэшүүлж чадваржуулахын зэрэгцээ илүү өндөр ёс зүйтэй болгох, иргэдэд ёс зүйн үлгэрлэл, манлайлал үзүүлдэг болгох талаар, төрийн албаны эрхэмлэл, үнэт зүйлийг нийтэд түгээх талаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх шаардлагатай байна. Төрийн алба шударга, хариуцлагатай байх гэдэг нь зөвхөн төрийн албан хаагч нэг бүрийн ёс зүй, хариуцлагаар хязгаарлагдахгүй. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаа, түүний шийдвэр гаргах арга механизм, гүйцэтгэлийн хэмжүүр, шалгуур, үнэлгээ нь нээлттэй, ил тод, шударга байх зарчимаар бас тодорхойлогдоно. Шударга бус, хариуцлагагүй байсныхаа төлөөсөнд асар их төлбөр төлж байгаагаа нийгмээрээ ухаарч сэхээрч байна. Тиймээс энэ шаардлагыг иргэд Та бидэнд нэхэл хатуутай тавьж байгаа нь зүй ёсны юм. Иймд та бид хичээх учиртай. Ажил албандаа илүү хариуцлагатай, шударгаар ажиллахын тулд бид хэнд ч, юунд ч төлөөс төлөхгүй, зарлага гаргахгүй, харин ч итгэл, хүндэтгэлийг олно. Төрөө гэх ард түмний итгэл сэргэж ирнэ. Тэгэхээр энд тухайн хүний хүсэл зориг л хэрэгтэй. Та бүхэнд ийм хүсэл зориг, эрмэлзлэл бий гэдэгт итгэж байна. Надад тийм итгэл эрмэлзлэл, хүсэл зориг байна. Шударга, хариуцлагатай төрийн албаны төлөө бид хамтран ажиллацгаая. Чуулганы эрхэм төлөөлөгчид өө,
Нэн түрүүнд ард түмэндээ үйлчлэх эрхэм зорилгоо ухамсарласан, хүний төлөө сэтгэл, хүсэл зоригтой, шударга, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь нээлттэй, уян хатан, чадварлаг, иргэддээ ойр, стандартны төрийн албыг хөгжүүлэхийн төлөөх өөрийн байр суурь, үзэл баримтлалаа товч илэрхийллээ. Та бүхэн үүнийг баяжуулан хэлэлцэж, төрийн албаны шинэтгэлийг улам эрчимжүүлэх талаар санал бодлоо шингээсэн зөвлөмж чиглэлийг энэ чуулганаас гаргавал удирдах хорооны төдийгүй төрийн албаны цаашдын ажил хэрэгт ач тустай байх болно. Төрийн албаны шинэтгэлд нийгмийн бүх бүлэг, хэсгийн зөв оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Төрд иргэний хяналт, хэвлэл мэдээлэлийн байгууллагын үүрэг нэн чухал. Төрийн үйл ажиллагааны төвлөрөлийг бүхий л шатанд багасгаж, ачааллыг нийгэмд жигд хуваарилан эрх үүрэг, оролцоо-хяналтын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах цаг болсон. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхний зүгээс үр ашигтай түншлэл, эрүүл шударга өрсөлдөөн нь төрийн албаны шинэтгэлд түлхэц болно. Зөв алхам, нааштай өөрчлөлтийг дэмжих гадаад хамтрагч дэмжигч нар ч байна. Тэдний сайн туршлага ч бидэнд боломж олгож байна. Ийнхүү хамтын хүчин чармайлтаар төрийн албаны шинэтгэлийг ашигтай үр өгөөжтэй хэрэгжүүлж чадваас хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох боломж улам ойртоно. Учрах сорилтыг даван туулж, сайн засаглалын стандартыг бий болгосноороо Монголчууд бид эх орон, байгалийн баялагийнхаа эзэн нь байж, иргэний эрх чөлөөгөө бүрэн эдэлж, тав тухтай амьдралын орчин бүрдэж, үндэстнээрээ хөгжих болно. Хөгжил бидэнд ойртон ирж байна. Түрхрэн ирэх хөгжлийн шинэ давалгааг төрийн албаны шинэтгэлээр угтан тосч, түрлэг нэмэн, эх орондоо их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе.Чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Төрийн ордон. 2011.06.23
Эх сурвалж: http://www.open-government.mn

1 comment:

buyntogtoh гзб-2 с4 said...

keis 1 tuhain irgenii toriin alban haagchdad itgeh itgel tuhain huniig uneleh unelemj ni buurah bolowuu mon dahin huuli bus zuiliig olj medsench desh ni ulamjlahgui heleed ch nemergui ym chin gesen bodoltoi uldeh bh

“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”

  Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...