МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 2 сарын 13 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Боловсролын тухай[2], Бага, дунд боловсролын тухай[3], Дээд боловсролын тухай[4], Хөдөлмөрийн тухай5, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай6, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг
4.1.2.“мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.3.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.4.“мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;
4.1.5.“мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг;
4.1.6.“мэргэжлийн суурь чадвар” гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;
4.1.7.“мэргэжлийн үндсэн чадвар” гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;
4.1.8.“модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.
4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.
5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго
5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага
6 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл
6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.
6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, илтгэл, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
6.3.4.улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын стандартыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах; 6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих.
6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ хуулийн 6.5-д заасан байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно.
6.6.Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын
бүрэн эрх
7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
8 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллага,
түүний бүрэн эрх
8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байна.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан төрийн захиргааны байгууллагын даргыг нь Засгийн газрын тухай хуулийн7 183 дугаар зүйлд заасны дагуу томилж, чөлөөлнө
8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр батлагдсан ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуула
8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;
8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;
8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;
8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох;
8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;
8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;
8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;
8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;
8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;
8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;
8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын
агуулга, стандарт
9 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга
9.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.
9.2.Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;
9.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох;
9.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.
9.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтод нийцсэн байна. 9.4.Мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэхэд зориулан боловсруулсан модулиас бүрдэнэ.
9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.
10 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт
10.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно
10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай8 хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.
11 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол
эзэмшүүлэх сургалтын ажлын зохион
байгуулалт
11.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.
11.2.Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна. 11.3.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалт нь өдрийн, оройн, зайны, үйлдвэр дээрх гэсэн хэв шинжтэй байж болно.
11.4.Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.
12 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх
сургалтын байгууллага
12.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.
12.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.
12.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.
12.4.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
12.5.Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна.
12.6.Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.
12.7.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.
12.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.
12.9.Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж зохион байгуулж болно.
12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
12.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, удирдах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйлээр зохицуулна.
13 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын
сургалтын байгууллагын зохион
байгуулалтын бүтэц
13.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, номын сан, соёл-спортын болон мэдээллийн төвтэй байна.
13.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно.
13.3.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгон ажиллуулж болно.
14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх
14.1.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.
14.2.Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай9 хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд байгуулж болно.
14.3.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 20-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
14.4.Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны, эсхүл мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан сургалтыг зохих журмын дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд эрхэлж болно.
14.5.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
No comments:
Post a Comment