Дорно дахины ёс зүйн сургаалаас

2012-03-29 11:33:08 , Мэдээний дугаар: #1200471
Ц.БҮЖИДМАА 
/Ph.D/

''Эдүгээ хүн төрөлхтөн тэнгэрт шувуу мэт нисч, далайд загас мэт сэлж сурчээ. Гагцхүү газар дээр хүн ёсоор амьдарч хараахан сураагүй байна'' гэж Бернард Шоу нэгэнтээ хэлсэн байдаг. Хүн төрөлхтөн үр хүүхдэдээ сайн хүн болохыг чухалчлан сургаж, төрийн түшээдээсээ шударга ёсыг шаардаж, бие биеэсээ хүндлэл хайрыг хүсэмжилж, нэгэн дэлхийд нэгэн нарны дор өөр өөрсдийн соёл, ёс заншлаар амьдралыг цогцлуулсаар... Ингэхдээ хүмүүсийн зан араншин, биеэ авч яваа байдал, үйлдлийн сайн мууг ялган салгах, үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал зэргийг ёс зүй хэмээх ойлголттой холбон ойлгож нэгэнтээ даджээ. Ёс зүй хэмээх энэ ойлголт нийгмийн дунд амьдарч, бусадтай харилцаж байгаа иргэн хүний эргэцүүлэл, ухаарал бодлоос өгсүүлээд эрдэмтэн мэргэдийн онол, үзэл баримтлап, оюун ухаанаа уралдуулсан өргөн цар хүрээтэй, энгийн мөртлөө нарийн асуудлуудыг хамаардаг. 


Өөрөөр хэлбэл, ёс зүй нь эрт үеэс хүмүүсийн хоорондын харилцааны асуудал болж, хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн юм. Эрдэмтэн мэргэд хүмүү¬сийн сайн сайхан аж байдал, аз жаргал, сайн үйл, сайн зан чанарт илүүтэй их ач холбогдол өгч, энэ тухай зохиол бүтээлдээ өргөнөөр тусгасаар иржээ. Энэ удаа дорно дахины болон Монголын зарим гүн ухаантнуудын ёс зүйн талаархи сургаал, үзэл баримтлалаас Та бүхэнд толилуулж байна. Дорно дахины гүн ухаанчдын ёс зүйн үзэл баримтлалуудад Энэтхэгийн их сэтгэгч Нагаржунайн ёс суртахууны сургаалууд онцгой байр эзэлдэг. "Гайхамшигт оюунт мэргэдийн дотроос Энэтхэгийн төрүүлсэн их ухаантны нэг Нагаржунай онцгой" гэж Ж.Неру үнэлсэн байдаг.

Хүн өөрийн багтаж буй хорвоогийн ёсыг үргэлж тунгаан баримталж явах тухай, хаан түшмэл, харц иргэн тус бүрт зориулсан сургаалийг Нагаржунай туурвижээ. Жишээлбэл, хаанд зориулсан "Эрдэнийн эрх", хан хөвүүнд зориулсан "Захиа бичиг", түшмэлд зориулсан "Зуун билигт", "Билгийн гол модон", нийт иргэдэд зориулсан "Ардыг тэжээхүй дусал" зэрэг сургаалийн зохиолууд бий. Эдгээр сургаалийн зохиолдоо тэрээр цаг үеийнхээ аясыг даган хаан эзэн, төрийн түшмэл, жирийн иргэдийн эрхлэх үйл, зан араншингийн шинж чанар ямар байхыг зааж сургасан байна. Жишээлбэл, хаан хүн "бие, хэл, сэтгэлийн аливаа үйлсээ ямагт сайтар шинжиж, бусдад туслахыг голлон эрхэмлэ" гээд билиг эрдэмд суралцах, сургууль бичгийн ажил зохиох, хөгшид нялхсыг асрах, өвчтөнийг эмчлэх, ядууст өглөг өгөх ажлыг хаан төрөөс анхааран зохиохыг онцолж, "жаргаланг өгөхөөс илүү өглөг үгүй"хэмээн бичжээ.

Нагаржунай "Ардыг тэжээхүй" шастиртаа төв шударга байх, худал үл хэлэх, хуурмаг зан үл гаргах, омогдон хилэгнэх, эд мөнгөнд шунахайрахыг тэвчих, эрдэм ном хичээн сурахыг заасан байдаг. Түүнчлэн хүний ёс суртахууны шилдэг шинж гэж дараахь зүйлийг заан сургамжилжээ.
"Сайжран дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сур
Сааль сүүг эдлэхийг хүсэгчид өвлөөс үнээ тэжээ
Сайн тариа идэхийг хүсэгчид хавраас хөрөнгө тарь
Сац энэ гурвуул үрийн үрийг амсахын шалтгаан бий"
 гэжээ.

Ийнхүү Энэтхэгийн их сэтгэгч Нагаржунайн ёс суртахууны номлол нь нийгмийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, бүх нийтийг ёс суртахууны эерэг сайн чанараар хүмүүжүүлэх тухай утга төгөлдөр санааг гаргаж тавьсан нь олон зууны туршид уламжлагдан иржээ. Дорно дахины гүн ухаантнуудын дотроос ёс зүйн асуудлаар онцгой үзэл баримтлалыг дэвшүүлсэн хүн бол Европт Кон¬фуций гэж алдаршсан Хятадын гүн ухаанч Күнз юм. Күнзийн үзэж байснаар төгс бие хүн гэдэг нь сайн үйлтэй, сайхан сэтгэлтэй, үнэнд тэмүүлдэг, шударга, оюуны соёлоор баян гэх зэрэг шинж чанаруудтай байх ёстой ажээ.

Тэгээд
Аливааг тодорхой олж үзэхийг
Андуугүй зөв сонсохыг
Царайгаа ямагт урин тааламжтай харагдуулахыг
Хийж байгаа алхам бүр нь бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байхыг
Үг яриа нь үнэн голоосоо төрөн гарахыг
Үйл хэрэг нь болгоомжтой няхуур байхыг
Уурлаж хилэгнэснээс хожим ямар нөлөө гардгийг зайлшгүй санаж явахыг
Ямар нэгэн ашиг, завшаан тохиолдох үе таарлаа гэхэд шударга ёсыг хэзээд баримтлах
зэргийг Күнз ариун сурталт, төгс бие хүний эн тэргүүнд бодож явах есөн зүйл хэмээн тодорхойлжээ.

Монголчуудын дундаас төрөн гарсан суут ухаантнууд ёс зүйн асуудалд мөн л онцгой анхаарал хандуулж байлаа. Тэдний нэг болох говийн ноён хутагт хэмээх Данзанравжаа /1803-1856/ хүмүүний нийтлэг чанарыг харуулсан олон бүтээл туурвисан байдаг. Түүний гол үзэл нь хойч үеийнхнийг ертөнцийн аливаа ёс, ард түмнийхээ зан заншлыг мэддэг, хүнлэг нийтэч зан чанартай болгоход оршиж байв. Түүний "Цаасан шувуу", "Сэтгэлийг амраагч хэмээх сургаал", "Дөрвөн улирал", "Олон хөгшид хүүхдийн хэлэлцдэг үгсийн товч хэмээх сургаал оршив" зэрэг зохиол бүтээлд нь дээрх үзэл санаанууд нь тусгагджээ.

Ялангуяа "Цаасан шувууны үлгэрт" бие хүний сайн, муу зан чанаруудын тухай тодорхой хэлсэн байдаг. Жишээлбэл:
...Үл мэдэгч муухай ,
...Саруул ухаан сайхан,
...Өст сэтгэл хортой,
...Сайхан сэтгэл тустай. 

...Ёстныг хүндэл настныг баярлуул, ачтанаа эрэх, бачтанаас зайл, сайнаас бүү сал, садныг бүү эр, олныг бүү арилж, муу нөхөртэй бүү нөгц, зүйл бүрийн хувцас бүү өмс, зүг талгүй бүү гайхуул...

...Хордон бусдын гэмийг бүү малт
Ховсорч хэрэггүй үг бүү зөө
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү итгэ
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла

гэж хүний бие авч явах байдал, ёс зүйн дэг жаягийг нарийн тодорхой зааж өгснөөс гадна бие хүн төлөвших үйл явцад хувь хүн өөрийгөө залж жолоодож, өөрийгөө хүмүүжүүлэх нь онцгой нөлөөтэй гэсэн санааг тод томруун илэрхийлсэн байдаг.

Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, яруу найрагч Зая бандид Лувсанпэрэнлэй /1642-1715/ төгс төгөлдөр иргэн хүн болж төлөвшихөд нэн чухал ёс суртахууны 10 дүрмийг зохиосон байна. Үүнд:
-биеийн гурван гэм: амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал үйлдэх,
-хэлний дөрвөн гэм: худал хэлэх, ширүүн хараал хэлэх, дэмий чалчааг өгүүлэх,
-сэтгэлийн гурван гэм: хомголзох сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзэл зэрэг болно.
Энэхүү 10 гэмийг тэвчсэний нөгөө тал нь 10 буян болох бөгөөд ингэж гэмийг ухаарч эрдмийг хичээснээр зөв хүн болж төлөвшинө гэж үзэж байжээ. Тэрээр "Үйлдэхүйеэ бэрх дөрвөөр холбосон яруу найргийн үзэсгэлэнт чимгийн сургаал" хэмээх алдарт бүтээл туурвисан юм.

Энэ бүтээлдээ эрдэм ба гэм, сайн ба муу явдлыг үл ялгаж эд мөнгө, алдар нэрийн төлөө нэг насаа өнгөрөөгч хүмүүсийг шүүмжилж, ертөнцийн ёсны хэм хэмжээ буюу нийгмийн дотор зөв аж төрөх тухай сургаж, эдгээрийн үндсэн дээр нийгмийн жаяг ёсонд нийцүүлж амьдрахын тулд бие хүнд байх ёстой сайн чанаруудыг тоочин дурджээ. Тэрээр хүний муу чанарыг өгүүлэхдээ чалчаа хүнийг шаазгайтай, арга бачит хүнийг үнэгтэй, олз хайгч хүнийг хулгайчтай адилтгасан бол сонсох санах эрдэм ихтэй хүнийг нартай, ухаан бодол уужим хүнийг огторгуйтай адилтгасан нь хүний ёс суртахуун, оюун ухааны чадварыг өндрөөр үнэлсэн хэрэг байлаа. Ийнхүү дорно дахины ёс зүйн сургаал, үзэл онолын гол цөм нь "хүнийг эхлээд ертөнцийн дотор зөв амьдруулж сургаад дараа нь номын ёсонд сургах" гэсэн санаа байсан бөгөөд энэ нь тэр үеийн мэргэдийн зохиол бүтээлүүдийн ихэнхэд нь тусгапаа олж өнөөг хүртэл уламжлагдан иржээ.

No comments: